М.Адьяабаатар: Москвагаар дамжаад Берлинээс ирсэн нэг хүнийг тусгаарлан ажиглалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-03-10 17:12:12
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос өгсөн шийдвэрийн дагуу аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Тус хурлаас гарсан шийдвэрүүдийн талаар аймгийн ОБГ-ын дарга, хурандаа М.Адьяабаатартай ярилцлаа.


-Аймгийн Онцгой комисс хуралдлаа. Энэхүү хуралдаанаар ямар асуудлуудыг хэлэлцэж, ямар шийдвэрүүд гарсан бэ?

-Улсын Онцгой комиссоос өгсөн шийдвэрийн дагуу аймгийн Онцгой комисс сая хуралдлаа. Энэ хурлаар улсын хэмжээнд автозамын хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 07.00 цаг хүртэл хаасантай холбогдуулаад орон нутагт ажиллах постууд, цэгүүдийг тодорхойллоо. Постод ажиллах албан хаагчдын техник хэрэгсэл, багаж зэвсэглэмж, шатах тослох материалын зардлыг мөн шийдвэрлэлээ.

Аймгийн хэмжээнд 46 постод 92 албан хаагч ажиллахаар болж байна.

Шинэ коронавирусний халдвар Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас илэрсэн. Энэ бол манай аймагтай хил залгаа, эрсдэлтэй бүс нутаг учраас Дорноговь аймагт хүч нэмэгдүүлж, хяналтын цэгийг ажиллуулахаар боллоо.

Хойд пост дээр Улаанбаатараас ирж байгаа техник хэрэгслийг ариутгаж оруулна. Зам хаасантай холбогдон хүнс, шатахуун, малын өвс тэжээл болон эрүүл мэндийн шалтгаантай, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн дүгнэлттэй хүнийг хяналтын постоор нэвтрүүлэхээр болж байна.

Манай аймгийн хувьд сэжигтэй бүс нутгаас ирсэн иргэд байгаа. Энэ хүмүүсийг ажиглалтад авч, тандарт судалгаа хийх шийдвэр гарсан.

Ер нь Улаанбаатар хот болон Дорноговь, Говьсүмбэр аймгаас манай аймгийн нутаг дэвсгэрт сүүлийн долоо хоногт орж ирсэн иргэдийн нарийвчилсан судалгааг гаргаж байгаа. Дээр нь нэмээд энэ сарын наймнаас хойш өнөөдрийг хүртэл орж ирсэн иргэдийн судалгаа, энэ дотроо эрсдэлтэй хүн байна уу, хэрэв ирсэн бол тандалт судалгаа хийх, тусгаарлах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа.

-Манай аймгийн хувьд эрсдэлтэй бүсээс ирсэн хүн байгаа юу, байгаа бол ямар арга хэмжээ авсан бэ?

-Манай аймгийн хэмжээнд Москвагаар дамжаад Берлинээс ирсэн нэг хүн байгаа. Энэ хүнийг одоогийн байдлаар эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийн дагуу асуумж судалгаа авч, ажиглалтын тусгаарлалтад оруулж байна. Энэ бол “сэжигтэй” гэсэн үг биш. Энэ хүн сэжигтэй бүс нутгаар явж ирсэн учраас эрсдэлтэй байх магадлалтай гэдэг үүднээс ийм арга хэмжээ авч байгаа.

-Зам хааснаас хойш тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ямар байна, ачаалал нэмэгдэж байна уу?

-Өглөө 07.00 цагаас авто замыг хаасан. Энэ цаг хугацаанаас өмнө замд гарсан тээврийн хэрэгслийг хүрэх газарт нь оруулах шийдвэр УОК-оос гарсан. Өглөөний 7.00-10.00 цагийн хооронд дөрвөн тээврийн хэрэгсэл манай аймаг руу орж ирсэн. Бусад хөдөлгөөнүүдийг хяналтад аваад, асуумж, судалгаа бөглүүлээд явуулж байгаа.

Гэхдээ 12.00 цагаас хойш бүх тээврийн хэрэгслийг явуулахгүй, хориглоно. Аймаг, сум, орон нутаг бүх зам хаагдаж байгаа гэж ойлгож болно.

Шуурхай штаб 24 цагаар ажиллаж байгаа. Штабын хувьд ачаалал нэлээд их байна. Өнөөдрөөс хүн хүчээ нэмэгдүүлж, дахиад суурин утас ч байрлуулах шаардлага байгаа.

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатах тослох материал, өвс тэжээлийн хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор ямар шийдвэр гарсан бэ?

-Өргөн хэрэглээний бараа материалын хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөн хэдийгээр хаасан ч гэсэн  хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, шатах тослох материал, өвс тэжээлийг саадгүй нэвтрүүлье гэсэн шийдвэр гарсан.

Мөн өргөн хэрэглээний барааны хомсдол, үнийн хөөрөгдөл зэрэгт МХА-наас хяналт тавьж ажиллана.

-Аймгийн Онцгой комиссын зүгээс ард иргэдэд хандаж юу хэлэх вэ?

-Үнэн зөв, бодитой мэдээллийг мэргэжлийн байгууллагаас л авах шаардлагатай. Тэгэхгүй бол гадуур гарч байгаа цуурхал, баталгаагүй мэдээлэлд итгэж, сандрах хэрэггүй. Өөрсдөө эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийн дагуу хувийн ариун цэврээ сайн сахидаг байх хэрэгтэй. Эрсдэлтэй бүсээс ирсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлах, манай шуурхай штабын утсаар мэдэгдэх шаардлагатай.  

Нэгэнт Монгол Улсад ороод ирсэн учраас манай аймагт орж ирэхгүй гэх баталгаа байхгүй байна. Тийм учраас Улсын хэмжээнд болон орон нутгийн түвшинд гарч байгаа шийдвэрийг анхааралтай хүлээн авч, ухамсартай байх шаардлагатай.

Мөн гарч байгаа хяналтын цэг, постуудад ажиллаж байгаа албан хаагчдын шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэдгийг анхааруулж хэлье.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.  

 

Холбоотой мэдээ