Мал төллөх үеэр малыг тэжээх, буурь сэлгэхийг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-10 21:36:57

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт нутгийн 60 хувь нь бэлчээрийн даац хэд дахин буюу олон дахин хэтэрсэн байна.
Тиймээс сум, багийн түвшинд бэлчээртээ тохируулж мал бэлчээх, мал төллөх үеэр малыг тэжээх, буурь сэлгэх, хаваржилтыг өнтэй давах арга хэмжээ авахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөв.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргасныг аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлжээ.

Завхан аймгийн бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл, нийт нутгийн 20 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 35 хувь нь бэлчээрийн даац нэгээс гурав дахин хэтэрсэн харин 10 хувь нь гурваас тав дахин хэтэрсэн, 15 хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн гэсэн дүн гарчээ.

Аймгийн хэмжээнд бэлчээрийн хомсдол хавсарч даац их хэмжээгээр хэтэрсэн нутаг нь Алдархаан сумын Аргалант, Баянтэс сумын Хачиг, Жавхлан, Цагаанчулуут сумын Арц, Цэцэн-Уул сумын Жаргалант, Дөрвөлжин, Ургамал сумын бүх баг, Эрдэнэхайрхан сумын Баянзүрх, Бага нуур, Алтан, Хайрхан багууд байна. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн Их-Уул сумын Хонгор, Сантмаргац сумын Холбоо, Сонгино сумын Шар нуруу, Тэлмэн сумын Өгөөмөр, Баян айраг, Тэс сумын Нисэг, Зүр, Тосонцэнгэл сумын Баян улаан, Завханмандал  сумын Мандал, Олонбулаг, Нуга, Отгон сумын Бадрал багуудын нутаг дэвсгэр байна. Харин бэлчээрийн даац нэгээс гурав дахин хэтэрсэн нутгаар Түдэвтэй сумын Баянцагаан, Сант, Ойгон, Идэр сумын Мануустай, Загастай гэхчлэн 18 сумын 30 багийн нутаг дэвсгэр орж байна. 

Бэлчээр сэлгэхэд малчид санаачилгатай

байх хэрэгтэй гэв

Завхан аймгийн нийт нутгийн 40 хувь нь бэлчээрийн нөөцтэй буюу хүрэлцээтэй байна.

Тиймээс сум, багийн түвшинд бэлчээртээ тохируулж мал бэлчээх, мал төллөх үеэр малыг тэжээх, буурь сэлгэх, хаваржилтыг өнтэй давах арга хэмжээг авах нь зөв юм гэв. Бэлчээрийн даац хэтэрсэн явдал нь, нэгдүгээрт малын тоо толгой ихээхэн өссөн. Малын бүтэц бүрэлдэхүүнд нь бэлчээрт халтай ямаан сүргийн хувийн жин үлэмж нэмэгдсэн. Хоёрдугаарт бэлчээрийн талбай багассаны дээр түгээмэл талхлагдсан, ургамлын бүрэлдэхүүн цөөрсөн зэргээс тус тус шалтгаалжээ. Түүнчлэн бэлчээрийг малчид төлбөргүй ашиглаж байгаа нь өнгөн дээрээ малчдаа харсан бодлого мэт боловч цаанаа бэлчээрийг зохисгүй ашиглан доройтуулж байгаа хэрэг. Малчид өөрсдийн эзэмшлийн бэлчээрийг сэлгэх, хамгаалахад санал санаачилга гаргах хэрэгтэй. Бэлчээрийг үнэ төлбөргүй ашиглаж, даацыг нь хэтрүүлж талхалсан ч хариуцлага хүлээдэггүй тул малчид малынхаа толгойн тоог өсгөхөд л анхаарч, чанарыг орхигдуулж байна хэмээн албаныхан дуулгав.

Сонирхуулахад, Монгол орны цаг уурын хэвийн жилд, усан хангамжийг цаашид шийдвэрлэх нөхцөлтэйгөөр бэлчээрийн жилийн дундаж багтаамж 86 сая хонин толгойг өсгөн үржүүлэх боломжтойг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс тогтоосон байна.

Бэлчээрийн маргааныг зөвхөн татвар

хураамжаар шийдэхгүй

Бэлчээрийн даац хэтэрсэн энэ үед малчид малынхаа ашиг шимийг дээшлүүлэх, тухайн малаас авах нэгж бүтээгдэхүүний чанар, гарцыг нэмэгдүүлье гэвэл бэлчээр нутагтаа зүй зохистой хандах хэрэгтэй юм.

Тиймээс бэлчээрт хандах хандлагыг өөрчлөхөд тодорхой хуулийн хүрээнд зохицуулах шаардлага байна. Аль ч аймаг, сум багт яваад очсон бэлчээрийн маргаангүй газар нутаг гэдэг ойлголт байхгүй болсон байна. Тэгэхээр цаашид бэлчээрийн асуудлыг зүй зохистой шийдвэрлэх, малчдын дунд үүсэж болох тухайн маргааныг хуулийн хэлбэрт оруулах нь зүйтэй юм. Бэлчээр хамгаалах, маргаантай асуудлыг зохицуулах нь зөвхөн татвар хураамжийн хүрээнд яригдах учиргүй. Үүнийг сум, багийнхаа түвшинд нэгдсэн зохион байгуулалттайгаар тухайн ашиглалтыг нь зөв зүйтэйгээр хийдэг байх. Өмнө нь өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн газруудыг баг сум нэгдлийн түвшинд зохион байгуулалтад оруулж, чөлөөлж, ашигладаг харилцаа байсан. Энэ бүхнийг хуулийн хэлбэрт оруулж зохицуулалтыг хийх нь чухал юм. Ер нь бэлчээр чөлөөлөх, амраах, ашиглах, сэлгэх гэдэг тус тусдаа өөр өөр ойлголтууд байдаг. Тэгэхээр энэ бүх уламжлалт мэдлэгийг хуулийн хэлбэрт оруулж, залуу малчид маань цаашид авч ашигладаг байх хэрэгтэй хэмээн Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Завхан салбараас нэмж дуулгав. 

Холбоотой мэдээ