Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 26,3 хувиар өсчээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-03-11 21:50:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг улсын хэмжээнд ашиглалтын болон хайгуулын хамгийн олон зөвшөөрөл олгосон аймгийн тоонд ордог хэдий ч өнөөдөр эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого байхгүй байна.

2007 онд гаргасан бодлогын баримт бичгийн хугацаа 2012 онд дууссанаас хойш одоо хүртэл энэ салбарын бодлого байхгүй байгаа аж.  

Дундговь аймагт Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр MERIT буюу “Институцийн өөрчлөлтөөр эрдэс баялгийн салбарын менежментийг сайжруулах нь” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү төслийн зөвлөгөө, дэмжлэгийн хүрээнд салбарын бодлого гаргахаар ажиллаж байгаа хэмээн аймгийн ЗДТГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, ашигт малтмал, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн П.Очирбат мэдэгдсэн юм. Энэ ажил хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа ажээ.

Тус аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 106 ашиглалтын тусгай зөвшөөрөл, 96  хайгуулын зөвшөөрөл, нийт 202 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байдаг.

Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн онд 4,6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 26,3 хувиар  өсч, энэ салбарын үйлдвэрлэл аймгийн нийт аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 44 хувийг эзэлж байгаа ажээ.

Тиймээс уул уурхай, ашигт малтмалын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаа энэ үед салбарын бодлогыг яаралтай боловсруулан гаргаж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэхүү шийдвэрийг гаргахад иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний оролцоог хангах нь зүйтэй гэв.  

Холбоотой мэдээ