Томоохон голуудын мөсний зузаан нимгэрч байгааг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-12 12:33:08

Завхан /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд дулаарч уулын цас хайлах төлөвтэй байгаа тул томоохон голуудад халиа гүйж байгаа бөгөөд цаашид усан зах үүсэж мөс задарч, мөс хэврэгших тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхааруулав.

Өнөөдрийн байдлаар Хангайн нуруунаас усжих Богд, Буянт, Дээд-толгой, Хожуул, Идэр Их-Уул, Хар нуур, Ойгон нуур битүү мөсөн бүрхүүл харзтай мөсний зузаан 65-98 см байна. Харин Тэс, Хүнгүй, Завхан, Чигэстэй, голуудын мөсний зузаан 40-64 см, битүү мөсөн бүрхүүл харзтай байна. Яруугийн гол, Идэр голын мөсний зузаан 11-33 см, ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Гэсэн хэдий ч зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нимгэрч, мөсний нягт багасан, хэврэгшиж байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх. Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх. Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Шар усны үерийн эхлэх хугацаа нь Хангайн нуруунаас эх авсан гол мөрөнд хаврын шар усны үер голын адгаар дөрөвдүгээр сарын эхний 10 хоногт ус хурах талбайн ихэнх нь 2500м-ээс дээш өндөрт хамрагдаж, тавдугаар сарын эхний 10 хоногт ажиглагдана. Энэ хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ 1500м-ээс доош өндөр бүхий ус хурах талбайтай голуудад мөн сарын хоёрдугаар арав хоногт тохиолдоно.

Харин хаврын шар усны үерийн дуусах хугацаа нь хангай нурууны өвөр хийгээд зүүн талын голуудад тавдугаар сарын сүүлийн 10 хоногт, Хангай нурууны баруун талын голуудад зургаадугаар сарын эхний 10 хоногт дуусна хэмээн Завхан аймгийн УЦУОШТ-ийн гадаргын ус судлалын өртөөнөөс тус тус мэдээлэв.

 

Холбоотой мэдээ