"Үлгэрч аав ээж"-ийг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-13 12:24:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас 2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд "Үлгэрч аав ээж" уралдааныг зарлалаа.

"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх онцгой нөхцөл байдлын үетэй холбогдуулан зарлаж буй тус уралдаан нь гэртээ байгаа хүүхэд багачуудын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ардын өв уламжлалыг сурталчлах, үлгэрээр хүүхдээ хүмүүжүүлэх арга зүйг эцэг эхчүүдэд уриалах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой.

Аймгийн харьяатай гэр бүлүүдэд нээлттэй тус уралдаан дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хүртэл үргэлжилж шилдгүүдийг шалгаруулна. Уралдаанд оролцох эцэг, эхчүүд хүүхдүүддээ уншиж өгч буй үлгэрүүдийн тэмдэглэлийг тогтмол хөтөлж, хүүхэддээ үлгэр уншиж байгаа бичлэгийг өдөрт нэг удаа http://facebook.com/BHA.GBHPHGazar хаягт илгээх юм байна. Бичлэгийн явцад тасарсан болон эвлүүлсэн байвал тооцохгүй бөгөөд бичлэгийг нэг сарын хугацаанд өдөр бүр тасралтгүй хийж оруулсан байх шаардлагатай.
Сануулахад, Уралдаанд оролцохын өмнө 70444010, 80150507, 99486649 дугаарын утсаар ярьж бүртгүүлсэн байх юм байна. "Үлгэрч аав ээж" уралдааны тэргүүн байрын эзэн өргөмжлөл, 100.000 төгрөгийн ном худалдаж авах эрх, дэд байрын эзэн өргөмжлөл, 80.000 төгрөгийн ном худалдаж аөах эрх, удаах байрын эзэн өргөмжлөл 60.000 төгрөгийн ном худалдаж авах эрхээр шагнуулна.
Холбоотой мэдээ