Ховдын Спорт цогцолбороос тамирчид амжилтаа ахиулсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 12:50:46

Ховд аймгийн Биеийн тамир спортын ордонд улс, аймгийн чанартай тэмцээн уралдаан тасралтгүй явагдаж, спорт сонирхогчдын зорих дуртай газрын нэг байдаг. Тив дэлхийн олон алдартай тамирчид Ховд аймгийнхаа нэр алдрыг цуурайтуулж, энэ ордноос спортын гараагаа амжилттай эхэлсэн тамирчдад ээлтэй дэвжээ.

Тус ордон байгууллагынхаа гадна талд хаягаа Спорт цогцолбор гэж үндэсний монгол бичгээр бисэн нь нүдэнд тод тусдаг. Ер нь Ховд аймагт үндэсний монгол бичгээр хаяг бичсэн байгууллага хуруу дарам цөөн. 

Харин энэ хаягийг хэзээ хэн анх санаачилж бичиж байршуулсан талаар тус ордны хэд хэдэн хүнээс тодруулахад мэдэхгүй гэдэг хариулт өглөө.

Тус содон хаягны талаар Спортын ордны зохион байгуулагч Ч.Сүхбаатар “Манай байгууллага 2008 онд тухайн үеийн аймгийн засаг дарга Г.Нямдаваа даргын захирамжаар аймгийн хэмжээнд байгууллагын хаягжуулалт шинэчлэх, орчноо тохижуулах, байгууллагын гадаад дотоод үзэмжийг сайжруулах талаар өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажил явагдсан. Тэр үеэр  босоо монгол бичгээр” Спорт цогцолбор” гэж бичих санаачилга манай хамт олон санаачилж, тухайн үед Спортын ордны даргаа М.Бямбажав даргаар ажиллаж байх үед энэ хаягийг хийлгэсэн. Гэхдээ тухайн үед Улаанбаатар хотод захиалж, загвар дизайныг хотод л захиалж хийлгэсэн” гэв.

Хаягны хувьд хотод хаана, хэнээр, хэзээ хийлгэсэн гэдгийг хэлэх хүн олдсонгүй.

Ховд аймгийн Биеийн тамир спортын ордон аймгийн ИТХ-ын шийдвэрээр “Аварга” хөтөлбөр хэрэгжүүлж, тамирчдын авьяас чадвар, бэлтгэл хангах бололцоог бүрдүүлэх зэргээр олон шинэлэг ажил хийжээ.

Өнгөрсөн онд Биеийн тамир спортын чиглэлээр Өндөр уулын авиралтын, үндэсний сурын, ахмад волейбольчдын, жүдо бөхийн үнэмлэхүй жингийн дөрвөн төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан юм.

Аварга хөтөлбөрөөс тамирчдын бэлтгэл хангах, шинээр улсын цол хүртсэн болон чөлөөт бөх, таеквондогийн олон улсын болон Азийн аварга,бүсийн тэмцээнд оролцох тамирчдын зардалд 24,5 сая төгрөг олгожээ.

Ийм дэмжлэгийг тамирчдад үзүүлснээр 2015 онд 315 тамирчин амжилтаа ахиулж медаль хүртэж дэлхийн аваргын тэмцээнд 3, Азийн аваргын тэмцээнд 4 тамирчин орлцох эрх авч амжилт гаргасан байна.

Ховд аймаг А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ