Т.Мөнхдорж: Хүнсний хангамж Өвөрхангай аймгийн хэмжээнд хомсдох эрсдэл гараагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-13 20:37:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын дэд дарга, дэд хурандаа Т.Мөнхдоржтой ярилцлаа.


-Өвөрхангай аймагт улс, аймгийн Онцгой комиссын шийдвэр хэрхэн хэрэгжиж байна, Өндөржүүлсэн бэлэн байдалд ямар арга хэмжээг авч ажиллаж байна вэ?

-Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс шинэ коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан улсын Онцгой комисс энэ сарын 10-ны өдрийн үүрээр хуралдаж, тодорхой шийдвэрийг гаргасан. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас 03 дугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох шийдвэр ирсний дагуу тус аймгийн Онцгой комисс хуралдаж, Засаг даргын захирамж гаран дээрх хугацаанд хот, аймаг, сум, баг хооронд зорчих хөдөлгөөнийг зогсоосон.

Мөн Арвайхээрийг тойрсон 13 хяналтын цэгийг байгуулж, Зэвсэгт хүчний 256 дугаар анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа. Аймгийн Онцгой байдлын газарт Онцгой комиссын Шуурхай штаб ажиллаж, хэлтэс, албадын дарга нар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

-Өвчлөлийн голомттой улсаас, мөн Дорноговь аймгаас ирсэн хүн бий юу?

-Баруунбаян-Улаан суманд Дорноговь аймгийн Мандал сумаас ирсэн дөрвөн хүнийг гэрт нь хорио цээрийн дэглэм сахиулж байна. Мөн тус аймгаас ирсэн нэг иргэн сайн дураараа шинжилгээнд хамрагдсан. Тэр хүнээс халдварын ямар нэг сэжигтэй тохиолдол илрээгүй. Өвчний голомттой бүсээс хүн ирсэн тохиолдол одоогоор гараагүй байна.

-Цагаан сарын үеэр иргэд хорио цээрийн дэглэмийг зөрчих явдал багагүй гарч байсан. Энэ удаа асуудал үүсч байна уу?

-Баярын өдрүүдэд хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулаад хяналтын цэгүүдээр орохыг завдах, зугатах, хулгайн замаар явах гэх мэт зөрчлүүд гарсан. Зөрчлийн тухай хуулиар хязгаарлалтын дэглэм зөрчсөн тохиолдолд иргэнийг 150 нэгжтэй, байгууллага, аж ахуйн нэгжийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль тавих заалттай байдаг. Энэ хуулиар 28 иргэнд 4.3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. 3 дугаар сарын 10-аас хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан ямар нэг ноцтой зөрчил гараагүй. Иргэд маань хуулиа мөрдөж, бид бүхний ажлыг хүндэтгэж байгаа.

-Одоогоор хэдэн хүн холбогдох зөвшөөрлийн дагуу нэвтрээд байгаа вэ?

-Хөдөлгөөн түр зогсоосноос хойш Өвөрхангай аймаг дахь хяналтын 86 цэгээр 967 тээврийн хэрэгсэл, 2355 зорчигч орж ирсэн бол 925 тээврийн хэрэгсэл, 2208 иргэн гарсан байна. Улсын Онцгой комиссын 10 дугаар тогтоолд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаан, гачигдалтай, А13 буюу эмнэлгийн магадлагаа авсан, мөн албан томилолт буюу холбооны, инженерийн шугам сүлжээ саатсан тохиолдолд засварлахаар гарч буй багт нэвтрэх зөвшөөрлийн бичиг олгосон. Хүнс, өвс тэжээл, нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслүүд зорчиж байгаа. Хүнсний хангамж Өвөрхангай аймгийн хэмжээнд хомсдох эрсдэл гараагүй байна.

-Хорио цээрийн дэглэм сахиулахад тулгамдаж байгаа, яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудал бий болов уу?

-Одоогоор тулгамдсан асуудал гайгүй л байна. Улсын Онцгой комисс, Шуурхай штабаас өгсөн чиглэлээр эхний ээлжинд 50 мянган амны хаалт нөөцлөх тухай яригдаж байгаа. Нэг амны хаалтыг мянгаар тооцоход 50 сая төгрөг болно. Энэ бол их тоо. Энэ хөрөнгийг хандив, тусламжаар бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Иргэд, байгууллагын зүгээс хандив, туслалцаа үзүүлсээр байна. Одоогоор нөөц хэр бүрдэж байгаа бол?

-Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь иргэд маань хандив, тусламжийг багагүй өгч байна. “Covid-19” вирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Онцгой комисс, мэргэжлийн ангиуд сайн ажиллаж байгаа, бид ч бас туслах сэтгэл байна гээд халуун хоол, цайгаар хүртэл үйлчилж, дархлаа дэмжих амин дэмүүд өгч байгаа хүмүүс олон байна. Байгууллагуудын зүгээс бэлэн мөнгө, амны хаалт, ариутгалын бодис өгч байна. Өвөрхангай аймгийг эрсдэлгүй байлгахын төлөө хамтдаа зүтгэж, бидний ажлыг дэмжиж байгаад талархлаа илэрхийлье.

Дөнгөж сая аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос хоёр мянган маск өглөө. Өнөөдрийн байдлаар 11 сая төгрөгийн хандив, 5075 ширхэг амны хаалт, 6 литр спирт, 100 ширхэг резинэн бээлий, шатахуун авах 600 мянган төгрөгийн талон, 50 ширхэг хэрчсэн гурилыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс хандивласан байна. “Арвайн-Илч” ХХК-иас хамгаалах хувцас 50 ширхэгийг өгсөн.

-Өндөржүүлсэн бэлэн байдлыг сахиулахад зардал мөнгө хэр их гарч байгаа вэ?

-Хамгаалах хувцас, амны хаалт, халуун хэмжигч, ариутгалын бодис, мөн хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын бензин шатахууны зардал гэх мэтчилэн нэн шаардлагатай зүйлд Засаг даргын нөөц сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах сангаас 30 гаруй сая төгрөг зарцуулаад байна.

-Хяналтын цэгүүдэд ажиллах алба хаагчдын хүрэлцээ, хангамж, тэдний ажиллах нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Хяналтын 13 цэгийг Арвайхээр сумын 13 цэцэрлэг хуваарилан авч, цай хоолоор хангаж байгаа. Бэлтгэсэн хоол, цайг мэргэжлийн ангиуд хариуцан хүргэж өгч байна. Хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэх боломжгүй гэх асуудал байхгүй.

Хүн хүчний хувьд бол дутагдалтай байдаг. Манай Онцгой байдлын алба гэхэд харуулын ээлжинд үүрэг гүйцэтгэх боломжтой албан хаагч дөчөөд байна. Тэгэхээр нэг албан хаагч 24 цагаар биш 72 цагаар үүрэг гүйцэтгэх шаардлага гарч байгаа. Хүн нь хүрэлцэхгүй байгаа учраас ээлж хүлээлцэхгүй ажиллаж байна. Хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний 256 дугаар анги хөдөлгөөнт постууд гаргаж, албан хаагчдыг томилон ажиллуулж байна. Цагдаагийн газар ч ялгаагүй, бүгд өндөр ачаалалтай, нэлээн зүтгэлтэй л ажиллаж байна даа.

-Зөвхөн энэ халдварт өвчнөөр хязгаарлагдахгүй, газар хөдлөлт, цаг агаарын гамшигт үзэгдлүүд ихсэх хандлагатай байгаа. Тэгэхээр ард иргэдээ сургах, дайчлах ёстой байх. Энэ тал дээр хэр анхаарч байгаа вэ?

-Бид бүхний хуулиар хүлээсэн үүрэг байдаг. Ард иргэдийг гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажиллагаанд дадлагажуулж, сургах нь манай Онцгой байдлын байгууллагын үүрэг юм. Тийм учраас бид сургалтын хөтөлбөр гаргаж, аж ахуйн нэгж, сургууль цэцэрлэг, удирдах ажилтнууд гээд тодорхой бүлэг рүү хандсан, шатласан сургалтуудыг зохион байгуулдаг. Өөрийгөө болон өрөөлийг аливаа гамшиг, ослоос аврах, урьдчилан сэргийлэх хэмжээнд ард иргэдийг сургаж, чадавхжуулах ёстой.

2019 онд бид аймгийн хэмжээнд 23 мянган иргэнд сургалт зохион байгуулсан. Энэ онд нэмэгдүүлэх зорилго тавиад ажиллаж байна. Ирэх жил гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг аймгийн хэмжээнд зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ хүрээнд бэлтгэл ажлуудыг хангаж, аймаг, сумдын Гамшгаас хамгаалах штаб, Мэргэжлийн ангиуд, Онцгой комиссын үйл ажиллагааг жигдрүүлэх чиглэлээр сургалтуудыг хийж байна.

-Коронавируснээс урьдчилан сэргийлэх энэ ажлын үр дүнд холбогдох байгууллагууд багагүй чадавхжиж байгаа болов уу?

-Вируснээс урьдчилан сэргийлэх ажилд аймаг, сумын Онцгой комиссын гишүүд идэвхтэй оролцож, ажилдаа дадаж туршлагажиж байна. Онцгой комиссын хурлууд жигдэрч, Мэргэжлийн ангиуд хоорондын уялдаа холбоо сайжирч байна. Нэлээдгүй, дэвшилттэй байдал ажиглагдаж байна.

-Одоо хорио тавигдахаар хөдөлгөөн хэр задгайрах бол?

-Цагаан сарын үе шиг ачаалалд орохгүй байх гэж бодож байна. Гэхдээ бид хяналт тавина. Хурд хэмжих, бүртгэх гээд урд хэрэгжүүлсэн арга хэмжээгээ дахин зохион байгуулна. Сар шинийн баяраар авсан арга хэмжээний үр дүнд авто тээврийн осол гэмтэл, зөрчил гараагүй.  

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Холбоотой мэдээ