Тусгай нислэгээр Япон улсаас 256 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-16 21:18:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан монгол иргэдийн зорчиж буй МИАТ-ийн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд өнөөдөр 21 цагийн орчимд газардлаа. 


Онгоц өглөө 09.05 цагт Токио хот руу ниссэн бөгөөд орон нутгийн цагаар 16.25 цагт 256 зорчигчтой Улаанбаатар руу  эргэн хөөрсөн юм. Эдгээр иргэдийг нисэх буудлаас ХӨСҮТ болон "Энхсаран" сувилал, Цэргийн нэгдсэн төв эмнэлэг, “Амар”, “Наранбулаг” зэрэг зочид буудалд 14 хоногоор тусгаарлан шинжилгээ авч, ажиглах юм. 


Энэ үеэр МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, "Монголын төрөөс гарсан шийдвэрийн хүрээнд олон улсын эрүүл мэндийн байгууллагын холбогдох дүрэм журмын дагуу иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байна. Шинэ коронавируст халдварын асуумж авч, тархалт ихтэй орнуудаас ирж байгаа иргэдийг түлхүү анхаарч, тандалт хийж байна. Сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-д тусгаарлана" хэмээв. 


Эдгээр иргэдийг онгоцонд суулгахдаа халууныг нь хэмжиж, гарыг нь ариутгаж байгаа бөгөөд нислэгийн үеэрх хог хаягдлыг устгаж байгаа юм. Түүнчлэн нисэх бүрэлдэхүүн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй байгаа бөгөөд иргэдийн адил тусгаарлагдах юм. 


Ташрамд дурдахад, өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-аас 244 иргэнээ татан авсан. Мөн өнөөдөр 08 цагийн орчимд эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан иргэдийн зорчсон Берлин-Москва чиглэлийн тусгай үүргийн онгоц  "Чингис хаан" нисэх буудалд газардсан юм. Энэ сарын 18-нд Турк улсын Истанбул хотоос монгол иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц ниснэ. 


Өнөөдрийн 21.00 цагийн байдлаар, Япон улсад шинэ коронавирусээр халдварласан 845, амиа алдсан 27, эдгэрсэн 144 хүн байна. Харин дэлхий даяар шинэ коронавируст халдвар авсан 173 258, амиа алдсан 6668 хүн байгаа бол 77 789 хүн эдгэрчээ.

Холбоотой мэдээ