Аймгийн Онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-03-17 13:54:32

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Онцгой комисс хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Хуралд онцгой комиссын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ, сумдын удирдлагууд, штабууд онлайнаар оролцов. 


Хурлын үеэр шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэв. Тухайлбал, өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлж, хүнсний барааны нөөцийг бүрдүүлэх ажлыг яаралтай зохион байгуулж, дүнг гуравдугаар сарын 23-ны дотор аймгийн онцгой комисст танилцуулахыг Хүнс хөдөө аж ахуйн газрын даргад даалгалаа.


Хурлаар, хүнсний хангамжийн талаар мэргэжлийн байгууллага /2020.03.11-ний дүнгээр/ мэдээлэхдээ 18 сумын хүнсний нөөцийн хангамж хэвийн, хомстол үүсээгүй, бараа бүтээгдэхүүн үнийн хөөрөгдөлгүй хэвийн явж байгаа гэв.


Энэ үеэр аймгийн хэмжээнд хүнсний голлох барааны нөөцийн талаар мөн танилцуулав. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг аймгийн нийт хүн амд харьцуулахад 10-30 хоногийн нөөцтэй байна. Одоогийн байдлаар мах 157 тонн буюу 61 хоног, хуурай сүү 2,4 тонн буюу хоёр хоног, гурил 170 тонн буюу 31 хоног, будаа 35,2 тонн буюу 12 тонн, ургамлын тос 17 тонн буюу 15 хоног, давс 15 тонн буюу 60 хоног, төмс, хүнсний ногоо 289,1 тонн буюу 40 хоногийн нөөцтэй байгаа аж.
Улсын Онцгой комиссоос ирүүлсэн чиглэлээр аймаг 60 хоногийн хүнсний нөөц бэлтгэх ёстой. Тиймээс хүнсний нөөцөө яаралтай бүрдүүлэхийг аймгийн Засаг дарга Н.Ганбямба дээр дурдсанчлан мэргэжлийн байгууллагуудад хариуцууллаа.



Холбоотой мэдээ