Энэ онд 50 иргэнийг гэртэй болгоно

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-03-17 14:27:58

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг 2020 оныг Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд орон гэргүй, амьдралын боломж тааруу 50 иргэнийг гэр оронтой болгохоор төлөвлөсөн байна.

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд хэлэхдээ "Аливаа улс орон нийгэмд тулгамдаж буй асуудлаа шийдэхийн тулд эхлээд өрх гэр бүлд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх шаардлагатай байдаг. Тиймээс бид энэ оныг Өрх гэр бүлийн хөгжлийн жил болгон зарлаад, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг шийдэхээр зорьж байна. Энэхүү ажлын нэг нь орон гэргүй хүмүүст гэр өгөх юм" гэлээ. Уг 50 гэрийг сумдад гэж хуваарилаагүй бөгөөд орон гэр шаардлагатай байгаа иргэдийн хүсэлтийг Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг юм байна. 

Өнгөрсөн гурван жилд нийт 100 гаруй иргэнд гэр өгөөд байгаа аж.