Улаанбурханы хүндрэлтэй тохиолдол ихсэх хандлагатай байна гэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-04-28 17:05:29

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Улаанбурхан өвчний чиглэлээр зөвлөгөө өгөх үүрэг бүхий Эмнэлзүйн багийнхнийг хүлээн авч уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцаж үүрэг чиглэл өглөө.

Улаанбурхан өвчний дэгдэлт хэдийгээр буурч байгаа ч хүндрэл их байгаа нь  асуудал дагуулсан хэвээр байна.  

Уулзалтын үеэр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний дараах хүндрэлээр нийслэлээс болон орон нутгаас дуудлага ирэх нь эрс ихэссэн. Цаашдаа цочмог хэлбэрийн улаанбурханаас илүү хүнд, хүндрэлтэй улаанбурханы тохиолдол ихсэх хандлагатай байгаа талаар мэдээлэл өглөө.

Энэ жилийн улаанбурхан өвчний дэгдэлтийн эмнэл зүйн онцлог байдлын талаар эмч, мэргэжилтнүүд мэдээлэл туршлагадаа үндэслэн орон нутаг болон алслагдсан дүүргийн өвчтэй хүүхдүүдэд зөвлөгөө өгөх ажлын зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор ЭХЭМҮТ, ХӨСҮТ-ийн эмч нар,  АШУҮИС-ийн багш нарын хамтарсан Эмнэлзүйн зөвлөгөө өгөх багийг орон нутгийн эмч нартай цахимаар холбогдон цаг алдахгүй зөвлөгөө өгөх ажлыг яаралтай зохион байгуулахыг  Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа үүрэг болгов.

Уулзалтад ЭМБХЗГ-ын дарга С.Энхболд, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаа, Хүүхэд өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Гантуяа, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа, төрөлжсөн мэргэжлийн эмч нар, АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч Д.Агиймаа  нар  оролцлоо. 


Ж.Болор

Холбоотой мэдээ