"Би мод услав" уралдаанд зургаан сумын эко клубын сурагчид оролцоно

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-03-19 20:29:49

Ховд /МОНЦАМЭ/. “Олон улсын ойн өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд дэлхий нийтээр тэмдэглэж, ой модыг хамгаалах талаар тодорхой үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), "Түмэн модот хаалга" ТББ хамтран Ховд аймгийн хөдөөгийн зургаан сумын эко клубын сурагчдын дунд "Би мод услав" уралдаан зарлажээ.

Энэхүү уралдааны үйл ажиллагаа гуравдугаар сарын 19-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Уралдаанд Ховд аймгийн Манхан, Мөст, Мөнххайрхан, Дарви, Чандмань зэрэг 6 сумын эко клубын сурагчид оролцоно.

Тэд энэ хичээлийн жилд нэг суманд хэчнээн хуванцар хог хаягдал үүсэж байгааг судлах зорилгоор сав цуглуулсан аж.

Улмаар цуглуулсан хуванцар савандаа ус хийж, Ховд аймгийн төв рүү явах унаанд дайх юм.

Ингээд жолооч нар “Бичигтийн хөтөл” гэх газарт буюу аймгийн төв орох замд "усаа энд үлдээнэ үү" гэсэн зурагтай том сав \ёмкость\-ны хажууд тухайн усыг үлдээнэ.

Жолооч нарын үлдээсэн савтай усыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), "Түмэн модот хаалга" ТББ-ын ажилтнууд авч, мод услах замаар ажиллана гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Сурагчид явуулж буй хуванцар савтай усныхаа зураг дарж баталгаажуулах ба багшдаа тэмдэглүүлнэ. Тэдний явуулах хуванцар савтай ус  0.5, 1.5  гээд хэдэн ч литр байж болох юм.  

Энэхүү ажлын үр дүнд “10 мянган мод-Олон ястны угтах хаалга” аяны хүрээнд тарьсан нийт модонд цэнэг усалгаа хийх аж.

Тус уралдаан нь хүүхэд багачууд, залуу үеийнхний оролцоотойгоор байгаль орчин, тэр дундаа модыг арчилж хамгаалах эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлж байгаагаараа онцлогтой.  

Уралдааны тэргүүн байрт шалгарсан эко клубын сургуулийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), "Түмэн модот хаалга" ТББ-аас дэмжлэг үзүүлнэ. Мөн хамгийн их ус явуулсан гурван сурагчийг шалгаруулах юм.    

Холбоотой мэдээ