Хашаа, бохирын цооногт халдваргүйжүүлэлт хийхийг зөвлөв

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-23 23:50:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Урин дулааны улирал эхэлж буйтай холбоотойгоор айл өрхүүдийг хашаа, жорлон, бохирын цооногт халдвар үүсгэгч дамжуулагчийг устгах, халдваргүйжүүлэлт хийхийг Говь-Алтай аймгийн ЭМГ-аас зөвлөлөө.


Хөл хорио тогтоосонтой холбоотой хүүхдүүд гадаа маш ихээр тоглож байгаа учир ард иргэдийг тухайн амьдарч буй орчиндоо халдваргүйжүүлэлт хийснээр коронавирусний халдвар, орчны бохирдлоос шалтгаалсан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойг тус газрын мэргэжилтэн Ч.Няндаг танилцуулав.

Тухайлбал, Халдваргүйжүүлэлт энгийн цэвэрлэгээнээс эхэлдэг бөгөөд хувь хүн өөрөө цэвэрхэн байхаас эхлээд гэр орон, ажлын байр, амьдарч буй орчноо цэвэрхэн байлгавал халдвараас хамгаалах хамгийн энгийн арга ажээ. Нүхэн жорлонг халдваргүйтгэх арга: 

1. Хлорийн шохойг 1 литр усанд 400 грамм байхаар найруулаад нүхэн жорлон, бохирын цооногны бохир харагдах хэсгийг далд ортол уусмалаа хийж өгнө. 

2. Тамир бодисыг 10 литр усанд найруулж жорлондоо хийснээр үнэрийг дарж, бохирыг хуурайшуулна. Бохирын цооногт усанд найруулалгүйгээр сайн сэгсрээд шууд хийж болно.

3. Бохир бүрэн гэссэн үед үнс, үртэс хийгээд халдваргүйжүүлж болохыг зөвлөлөө. Ард иргэд дээр дурдсан нүхэн жорлон, бохирын цооногоо халдваргүйтгэх бодисыг өөрийн харьяа өрхийн Эрүүл мэндийн төвд хандан авах боломжтой юм.


Холбоотой мэдээ