Услагааны асуудлаа шийдээгүй тохиолдолд нэмж газар олгохгүй байхаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 10:41:15

Өвөрхангай аймгийн ЗДТГ, Засаг даргын дэргэдэх Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран “Газар тариалан эрхлэгчдийн аймгийн зөвлөлгөөн”-ийг жил бүрийн хаврын тариалалтаас өмнө зохион байгуулдаг. Энэ жил тус зөвлөлгөөн 4 дүгээр сарын 27-ны өдөр болж, ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон нийт 100 орчим тариаланчид, түүнчлэн төмс, хүнсний ногоо худалддаг төвүүдийн эзэд, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд оролцлоо.

Зөвлөлгөөний үеэр “Аймгийн газар тариалангийн салбарын дунд болон урт хугацааны бодлогын зорилтын төсөл”-ийг хэлэлцүүлж, тариаланчид говь, хангай, төвийн бүсээрээ баг болон хуваагдаад тулгамдсан асуудлаараа санал солилцсон юм.

Худалдааны төвүүд тус бүртээ жилд дунджаар 300-400 тонн төмс, хүнсний ногоо худалдан авдгаас 250 тонн орчмыг нь бусад аймгууд болон Улаанбаатар хотоос авдаг байна. Манай аймгийн тариаланчид бага тариалалт хийдгээс гадна ногоо нь стандартын шаардлага хангадаггүй гэдгийг эздүүд хэлж байлаа. Харин тариаланчид ногоо тарихдаа оновчтой сонголт хийж чаддаггүй, бүгд ижил ногоо тариалснаас болж зах зээлээ хумьдаг, сумдын тариаланчид техник хэрэгслэл дутмаг байдаг, услалтын систем дутагдалтай зэрэг асуудлыг ярьж байв.

Цаашид Арвайхээр суманд услагааны асуудал шийдэгдээгүй тохиолдолд нэмж газар олгохгүй байх, худалдааны төвүүдээс үнийн тогтвортой бодлого барьж, орон нутгийнхаа тариаланчдын ногоог худалдаж аван иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх, тариаланчдын хувьд тариалалтын чанарт анхаарч, хүнсний ногооны хаяг шошготой болох, гадна бизнест суурилсан борлуулалтын нэгдэл бий болгох зэрэг олон шийдвэрийг санал нэгтэй гаргалаа.

Аймгийн хэмжээнд 2015 онд хүн амын хэрэгцээт гурилын 58.1, төмсний 72, хүнсний ногооны 33 хувийг хангахуйц ургац хураан авчээ. 2016 онд 5813 га талбайд үр тариа тариалж 6970 тонныг хураан авах, 410 га-д төмс тариалж 4730 тонныг, 240 га-д хүнсний ногоо тариалж 3361 тонныг хураан авахаас гадна 70 га-д жимс жимсгэнэ тариалж 100-аас доошгүй тонныг хураан авах, 889 га –д малын тэжээлийн ургамал тариалж 2500 тонныг хураан авахаар төлөвлөжээ.

Мөн услагаатай талбайг урд оноос 5.6 хувиар нэмэгдүүлж, нэгжээс үр тариа 12, төмс 115.4, хүнсний ногоо 140, малын тэжээлийн ургамал 24 центнерийг хураан авах зорилтыг дэвшүүлсэн байна. Дээрх зорилтод хүрэхийн тулд нийт тариаланчид үр бордоогоо сонгохоос эхлээд тариалалтын туршид стандартын дагуу ажиллаж бага талбайгаас их ургац авах нь чухал гэдгийг зөвлөлгөөний үеэр анхааруулж байлаа.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ