ХӨСҮТ-ийн халдвар судлаач эмч нар Дундговь аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-03-27 10:01:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн халдвар судлаач их эмч нар Дундговь аймагт хоёр өдөр ажиллаж, COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдалтай танилцан зөвлөгөө өгч, чадваржуулах сургалт хийжээ.

Тодруулбал, халдвар судлаач их эмч М.Цолмон, А.Болормаа нар энэ сарын 24-25-нд тус аймгийн төвд бэлтгэсэн ажиглалтад тусгаарлах байруудын нөхцөл байдалтай танилцсан төдийгүй аймгийн төвийн нийт эмч, сувилагч нарт нэг удаагийн амны хаалт, хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх дэс дараалал, анхаарах асуудал, ариутгал халдваргүйжүүлэлт, коронавирусний халдварын дэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ сэдвээр сургалт хийсэн байна. Мөн цахимаар холбогдож, 15 сумын ЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудад дээрх сургалтаа зохион байгуулжээ.

Дундговь аймгийн төвд МСҮТ-ийн дотуур байр, хувийн хоёр эмнэлэг, хоёр буудлыг ажиглалтад тусгаарлах зорилгоор бэлтгээд байгаа.

Ажиглалтад тусгаарлах байрны хувьд өрөө болгон тусдаа бие засах газар, ариун цэврийн өрөөтэй байх шаардлага тавьж байгаа учраас нийтийн байр буюу МСҮТ-ийн дотуур байр шаардлагад нийцэхгүй байгаа ажээ.

Мэргэжлийн эмч нарын өгсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх талаар аймгийн ЭМГ-ын дарга Г.Бат-Оршихоос тодруулахад “халдвар судлаач эмч нарын хийсэн дүгнэлт, тавьж байгаа шаардлагууд, нөхцөл байдлын талаар аймгийн Онцгой комиссын хуралд танилцуулна” гэлээ. 

Холбоотой мэдээ