Г.Солонго: Их туулиа хадгалан хамгаалж, сэргээн хөгжүүлэхэд хувь нэмэр болох зорилгоор Жангар төслийг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-27 12:52:28

Завхан /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм. Тиймээс энэ өдөр Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын шинэ уран бүтээл болох “Жангар” хүүхдийн жүжгийн талаарх сонирхолтой ярилцлагыг тус театрын дарга, МУСТА Г.Солонгоос авлаа.


-Сайн байна уу? Танд олон улсын Театрын өдрийн баярын мэнд хүргэе. Танай шинэ уран бүтээл болох Жангар жүжгийн талаарх яриаг өрнүүлье. Тэгэхээр энэ жүжгийн бэлтгэл ажил ямар түвшинд байна вэ?

-Баярлалаа. Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсч хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. Театр хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэн, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, үнэн мөн, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна. Анх 1962 оны гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” хэмээн тунхагласнаас хойш  энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрд театрын уран бүтээлчид, театрын үнэнч үзэгчид тэмдэглэж ирсэн уламжлал бий болжээ. Энэ өдөр дэлхийн урлагийн сүм бүхэн тоглолтоороо бэлэг барьдаг. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад улсын хэмжээнд театрууд үзэгчдэд тоглолт тавихгүй байх. Жангар хүүхдийн жүжгийн тухайд гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн “баатарлаг туульсуудыг дэмжин дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын “Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2021”, “Соёл урлагийн үндэсний зөвлөлийн 2019-2020” хөтөлбөрүүдийн хүрээнд соёл урлагаар дамжуулан хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх нийгмийн төлөвшилд эх оронч, үнэн шударга, эв эеийг эрхэмлэгч, дайчин баатарлаг ухамсрыг оюун сэтгэлгээнд нь шингээж өгөх зорилгоор “Жангар тууль” хүүхдийн жүжгийг тайзнаа туурвихаар төлөвлөсөн. Өнөөдөр “Жангар тууль” хүүхдийн жүжиг маань тайзнаа тавигдахаар бэлэн болсон байгаа.

-Тэгэхээр яагаад заавал жангар зохиолыг сонгох болов?

-Тийм ээ. Монгол туулийн хэл бол гайхамшигтай уран яруу бөгөөд монгол шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, Монголын олон ястан овогтны аман аялгууны онцлогийг агуулсан байдаг. Тууль бол зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн уран чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн шинжтэй цогц үзэгдэл юм. Тиймээс ардын аман зохиолын хөгжлийн явцад бий болсон яруу найргийн хамгийн том төрөл монгол туулийг залуу хойч үедээ сурталчлан таниулахад “Жангар” хамгийн тохирсон тууль гэж бодож байгаа. Түүнчлэн их туулиа хадгалан хамгаалж, сэргээн хөгжүүлэхэд хувь нэмэр болох зорилгоор, эрт эдүгээ цагийн үндэсний өв уламжлал, ёс заншлыг тээн ирсэн “Жангар” туулийг бид төсөл болгож сонгосон.

“Жангар” төсөл маань тайзны урлагаар дамжуулан хүүхэд, залуучуудад монгол туулийн бүхий л хэв шинжийг хүргэх тэдний урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм. Эхлээд өөрийн театрт амилуулахаас гадна нийслэл болон аймгуудад хүргэх, мөн монгол туургатан улс орнуудад хүртэл хүргэх зорилт тавьж байна. Цаашлаад бид энэхүү санаачилгаа монгол ардын аман зохиолын төрөл болох “Жангар” туулийн цогц хөтөлбөр болгон хөгжүүлж, энэ хүрээнд орон нутгийн хүүхэд залуучуудын байгууллагуудтай хамтарч “хүрдэн хэлхээ” хэлэлцүүлэг, “Жангар миний нүдээр” гар зураг, эсээ бичлэгийн уралдаан, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. "Жангар” туульсын мөрөөр оюун санааны шинэ эрэлхийлэл хийх үүднээс хүүхэд залуучууд түүх, соёл, урлагт шинжлэх ухаанчаар хандах нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд+эцэг эх+ төрийн албан хаагчид=”жангар” гэсэн харилцан хамтын ажиллагааг хөгжүүлж, энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэсэн бүтээлч хамтын ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Жангар жүжгийн найруулагч, жүжигчдийг танилцуулахгүй юу?

-Жангар жүжгийн ерөнхий найруулагчаар ОХУ-ын Москва хотын театр урлагийн дээд сургуулийн магистрант, найруулагч  

/ГИТС/ МУСТА Э.Ёндоншарав, ерөнхий продюсераар миний бие, ерөнхий зураачаар С.Ариунболд, туслах найруулагчаар Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын ерөнхий найруулагч Б.Сандуйжав нар тус тус ажиллаж байна. Жүжигчдийн тухайд “Өндөр гэгээн жүжиг”-ийн “Өндөр гэгээн Занабазар”-ийн дүрээр “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал авч байсан Хөгжимт жүжгийн театрын жүжигчин Ч.Лхагвадорж, мөн “Өндөр гэгээн жүжиг”-ийн Тойн ламын дүрээр “Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналт жүжигчин, МУСТА Б.Сандуйжав, жүжигчин С.Нямжав, А.Цэрэнбалжир нар болон аймгийн Хөгжимт жүжгийн театрын нийт уран бүтээлчид оролцон тоглож тайзнаа амилуулна.

-Жангар жүжиг юугаараа онцлог болох вэ? Тууль хайлдаг. Тэгвэл жүжиг маань тайзнаа ямар хэлбэрээр тавигдах бол?

-Ойрад монголчуудын ур ухаанаар бүтээгдсэн “Жангарын тууль” нь эртний монголчуудын амьдралын хэв шинж, их үйлсийн төлөөх баатарлаг тулаан, түүний үр дүнд энх тайван бүхий бумбын орны тухай өгүүлдэг, амнаас ам дамжин ирсэн соёлын гайхамшигт бүтээл юм. Монгол үндэстний өлгий нутаг болох Монгол Улсын хувьд соёлын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэх нь бидний үүрэг гэж боддог. Тиймээс мартагдах дөхсөн ардын уран зохиолуудыг залуу хойч үедээ өвлүүлэх, тэдэнд соёлын өвийг сурталчлахад урлагийн байгууллага, уран бүтээлчдийн хувьд хамгийн түрүүн ажиллах ёстой үүрэг нь юм. Тиймээс бид Жангарыг шинэ цагт тохируулан найруулж, уран бүтээлээр дамжуулан хүүхэд залуучууддаа хүргэхээр зорьсон байгаа.

Жангар туульсыг хүүхдийн жүжиг болгон тавьж байгаа нь Монгол улсдаа анхных юм. Түүхэн зохиолыг орчин үед тайзнаа амилуулах нь нэг талаас найруулагч, уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр, авьяас чадварыг шавхсан уран бүтээл бөгөөд нөгөө талаас Монгол төрийн, Монголын урлагийн байгууллагуудын хийх ёстой үүрэгт ажил юм.

Тийм ч учраас орон нутгийн урлагийн байгууллагын хувьд бид энэхүү үүргийн дагуу монгол үндэстний эртний уран зохиолын сод 3 оргилын нэг “Жангар тууль” хэмээх энэ том зохиолд зориглон хүрч, түүний мөн чанар, агуулгыг алдуулахгүйгээр хөгжүүлэн урлагийн бүтээл болгох гэж байгаа нь хамгийн том ач холбогдол юм. Ямартай бид бүхэн “Жангар” хүүхдийн жүжгийн орчин үеийн шинэлэг сценографик тайз декрацын шийдэл, найруулга зүйн өөр, өөр хэв маягаар тайзнаа амилуулж байна.

-Монголын эртний уран зохиолын гурван оргилын нэг бол яах аргагүй Жангар тууль юм. Тэгэхээр энэ туулийн агуулгыг орчин үед шилжүүлж тайзнаа амилуулах уу? Эсвэл яг зохиолоороо тавигдах уу?

-“Жангар” хүүхдийн жүжгийн зохиолыг УДЭТ-ын утга зохиолын ажилтан, жүжгийн зохиолч Д.Мэндсайхан гэдэг бүсгүйн үгийн ур ухаанаар амилсан байгаа. Мэдээж Монголын туульсыг жүжгийн зохиол болгон бичнэ гэдэг бол зохиолч хүний шаргуу судалгаа, дүгнэлт, олон хувилбартай жангар туулиудыг уншиж өөр хооронд нь харьцуулан байж бүрэн хэмжээний жүжгийн зохиолоо ургуулан туурвина гэдэг бол жүжгийн зохиолч хүний чансаа байх даа. Туульсын агуулгыг барьж орчин үеийн хэлбэр жанрт шилжүүлэн тайзнаа амилуулна.

-Жангар туулийн түүхээс та хуваалцаач?

-Жангар, Гэсэрийн тууль нь монголчууд бидний оюун санаа, уран сэтгэмжийн тусгал, эрх чөлөө, энх амгалан, хүсэл мөрөөдлийн илэрхийллийн оргил билээ. Жангар бол 15-р зууны үед Ойрад түмний дунд зохиогдож, нийт монголчуудын дунд тархсан ардын аман зохиолын нэг төрөл болох баатарлагийн тууль юм. Монголын нууц товчоо, Гэсэр, Жангар нь Монголын эртний утга зохиолын гурван оргил гэж ярьдаг шүү дээ. 1924 оноос Оросын Б.Я.Владимирцов тэргүүтэй эрдэмтэд Монголын ардын аман зохиолын нэгэн төрөл болох туулиудыг судалж, бичиж тэмдэглэх судалгааны ажлыг эхлүүлсэн түүхтэй юм билээ. Тийнхүү монголчуудын олон овог ястны дунд Жангарын тууль түгээмэл тархахдаа аль нэг бүлэг нь олон хувилбараар тархсаныг олж илрүүлсэн юм билээ. Ингээд ШУА Монгол нутгаас олдсон Жангар туулийн олон бүлгийн аман хувилбарыг цуглуулж хоёр удаа эмхэтгэн гаргасан бөгөөд 1963 онд эрдэмтэн багш Т.Дүгэрсүрэн Жангар туулийн 13 бүлгийг халимаг хэлнээс буулгаж олны хүртээл болгосныг 2000 онд түүний үр хүүхдүүд нь 26 бүлэг болгон хэвлүүлсэн байдаг. Жангарын бүлгүүдийг бүрэн олж цуглуулах, сонгомол эх бүтээх эхийг тавьсан хүн бол эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн юм.
Монгол судлалын нэрт эрдэмтэн Б.Ринчен өөрийн шавь Т.Галсанд Жангар туулийг эмхэтгэн монгол Жангарын сонгомол эхийг бэлтгэх даалгавар өгснийг удам дамжсан туульч өөлд Тангадын хүү биелүүлж, 2006 онд "Монгол Жангар" хөлгөн их судрын хоёр ботийг монгол түмэндээ өргөн барьсан бөгөөд уг хоёр ботийн зураг чимэглэлийг зураач Жадамбын Төмөрхуяг дан бэлгэдлийн хээ угалзаар зурж чимэглэсэн тухай түүхүүдийг Жангар төслийг эхлүүлэх явцдаа уншиж мэдсэн. Тэгэхээр Жангар бол улс төр, шашин, Монголын ахуй амьдрал, түүх зэрэг бүхий л шинжлэх ухааныг өөртөө багтаасан яруу найраг хэлбэрээр бичигдсэн өв соёлын бүтээл юм гэдгийг ойлгож мэдсэн. Мөн Тангадын Галсан гуай "Монгол Жангар"–ийг нийт таван ботиор хэвлэлд бэлтгэж Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор хоёр боть нь хэвлэгдэж үлдсэн гурван боть нь гар бичмэлээрээ байгаа мэдээллийг уншиж байсан.

-Жангар төсөл нууц биш бол хэчнээн төгрөгийн төсвөөр бүтэж байгаа вэ?

-Ер нь төрийн байгууллага тэр бүр томоохон уран бүтээл хийгээд байх төсөв гэж байхгүй учир янз бүрийн хэлбэрээр хуулийн хүрээнд төсөл хөтөлбөрүүдэд хүсэлт өгөх замаар л шийдвэрлэж байна даа. Бид стратеги төлөвлөгөөндөө 2020 он гэхэд гурван томоохон хэмжээний уран бүтээл хийхээр төлөвлөсний нэг нь Жангар юм. Хүнд хийх гэж байгаа ажлаа ойлгуулж хөрөнгө мөнгө босгоно гэдэг хэцүү ажил шүү.

-Хамгийн сайхан хариултыг танд үлдээе!

-Баярлалаа. Энэ ташрамд театрын урлагийн үнэнч үзэгч, эрхэм хүндэт үе үеийн уран бүтээлчид, нийт ажилтан хамт олон, драмын урлагийг эрхэмлэн дээдлэгч үзэгч та бүхэндээ  олон улсын“ Театрын өдөр”-ийн мэнд хүргэхийн зэрэгцээ удахгүй та бүхэнтэйгээ шинэ уран бүтээлтэйгээ уулзахын гэгээн мэндийг өргөн дэвшүүлье!

-Танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ