БНСУ-д коронавирусний халдварын 91 шинэ тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-03-27 13:00:45

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д пүрэв гарагт коронавирусний халдварын 91 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 9332 болжээ. Тус улсад өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 16 хоног дараалан 100 орчимд хүрч буурчээ.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, пүрэв гарагт халдварын улмаас найман хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 139-т хүрчээ. Халдварын голомтууд болох Дэгү хот, Умард Гёнсан мужид 34, 9 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.


Түүнчлэн зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо 13-аар нэмэгдэж 144 болжээ. БНСУ-д коронавирусний цар тахлыг сааруулах үүднээс өнгөрсөн ням гаргаас зайнаас харилцах хатуу дүрмүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. Мөн үндсэн хэрэглээний бүтээгдэхүүн худалдан авах, ажилдаа явахаас бусад тохиолдолд гэртээ байхыг ард иргэддээ уриалсан бөгөөд шашны цуглаан, спортын арга хэмжээг хязгаарлажээ.


БНСУ зөөвөрлөгдөн ирэх халдварын тохиолдол нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Европын орнуудаас ирсэн хүмүүсийг халдварын шинж тэмдгүүд илэрсэн эсэхийг үл харгалзан 14 хоног тусгаарлаж, шинжилгээ авч байгаа юм. Мөн АНУ-д урт хугацаагаар зорчсон хүмүүсийг хоёр долоо хоног гэртээ тусгаарлагдахыг баасан гаргаас эхлэн шаардахаар болжээ. 

Холбоотой мэдээ