Халдварыг эмчилнэ гэсэн цуу мэдээлэлд итгэхгүй байхыг сануулав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-03-29 21:33:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн зарим оронд сүүлийн үед "COVID-19"-ийн халдварын эмчилгээний талаар худал цуу яриа тархах болжээ. 

Тодруулбал, Иран улсад халдварыг эмчлэхэд метанол эм сайн гэсэн цуу мэдээлэл гарч, үүнд автсан 300 гаруй хүн тухайн эмийн хордлогод орж нас баржээ. Мөн мянга гаруй хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээ авч байгаа талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал өнөөдөр мэдээллээ. 

Буруу эмчилгээний талаарх худал, цуу мэдээлэл манай улсад ч гарч буйг тэрээр онцоллоо. Олон нийтийн сүлжээгээр коронавирусийг эмчилж чадна гэсэн худал мэдээлэл сүүлийн үед гарах болж, иргэдийг төөрөгдүүлж буй тохиолдол цөөнгүй байгааг хэлэхдээ, "COVID-19" бол эрт илрүүлж эрт оношлох, тусгаарлан эмчлэх шаардлагатай халдварт өвчин. Нийтийн сүлжээгээр эмчилж оношилдог зүйл огт биш. 


Гэтэл хэн нэгэн судлаач, сонирхогч хүмүүс бусдад, олон нийтэд танигдахын тулд "Коронавирусийг эмчилнэ, богино хугацаанд эдгээж чадна, зайнаас эмчилнэ, цахимаар эмчилнэ" гэх мэтээр худал ташаа мэдээлэл цацан иргэдийг хохироох, эмч эмнэлгийн ажилтнуудыг үндсэн ажлаа хийхэд саад учруулж буйг зогсоохыг анхааруулж байна.


Манай улс "COVID-19"-ийн халдварыг ДЭМБ-ын баталсан заавар, зөвлөгөөний дагуу, олон улсад хэрэглэж буй, нотолгоонд тулгуурласан оношилгоо, эмчилгээний арга, аргачлалаар эмчилж байна" гэсэн юм. Тиймээс зөвхөн ЭМЯ-ны мэдээлэлд итгэхийг санууллаа. 

"Ард иргэдэд хэлэхэд, би эмчилнэ, тийм эм, эмчилгээ сайн гэсэн мэдээлэлд итгэхгүй байхыг хүсэж байна" гэж ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мөн өнөөдөр мэдээлэл хийх үеэр дахин санууллаа.

Б.Болд



Холбоотой мэдээ