Хүндийн өргөлтөөр М.Анхцэцэг Ази тивийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-04-30 12:30:46

Узбекстаны Ташкент хотноо болж байгаа хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг түрүүлж тивийн аваргын алтан медалийн эзэн болов.

М.Анхцэцэг огцом өргөлтөөр 112 кг, түлхэлттэй өргөлтөөр 132 кг, нийлбэрээр 244 кг өргөж тивийн аваргаар тодорч Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэв. Ийнхүү М.Анхцэцэг Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж чадлаа.

Энэ жинд Япон, Энэтхэг, БНСУ, Узбекстан, Тайвань зэрэг найман орны 10 тамирчин өрсөлдсөн бөгөөд мөнгөн медалийг БНСУ, хүрэл медалийг Тайванийн туйванчид хүртсэн байна. Мөн манай туйванчдаас ОУХМ Б.Энхтамир огцом өргөлтөөр 98, түлхэлттэй өргөлтөөр 116, нийлбэрээр 214 кг-ыг өргөж тавдугаар байр эзэлжээ.

Ази тивийн АШТ-ий нийлбэр багийн дүнгээр олимпийн эрх олгох бөгөөд эрэгтэйчүүд эхний VII, эмэгтэйчүүд VI байрт шалгарвал тус бүр олимпийн нэг эрх авна. Тэмцээний сүүлийн өдөр багийн дүн гарч “Рио-2016”-г зорих баг тамирчид тодорно.

Манай эрэгтэй багийн 56 кг-д ОУХМ Ө.Чагнаадорж нийлбэрээр 250 кг өргөж VIII байр, 62 кг-д ОУХМ Э.Мөнхдөл 259 кг-аар VIII байр, 62 кг-д Б.Баярням 222 кг XV байр, 69 кг-д СДМ Э.Оюунбат 235 кг-д XXI байр, 77 кг-д СМ Ч.Очирхуяг – 277 кг XVII байр 85 кг-д СДМ Б.Цэнд-Аюуш 265 кг, Б.Гантулга 245 кг-аар XVII, XVIII байрт тус тус шалгарчээ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Б.Золбоо 132 кг, ОУХМ Ч.Нямзул 122 кг-аар XIV байр, XVI байр, 53 кг-д ОУХМ А.Бум-Аюуш 151 кг XV байр, 63 кг-д ОУХМ Т.Анужин 194 кг- VIII байр, 75 кг-д ОУХМ М.Анхцэцэг 244 кг өргөж тэргүүн байр, ОУХМ Б.Энхтамир 214 кг –аар V байр эзэлсэн бол +75 кг-д ОУХМ Э.Билэгсайхан өнөөдөр хүчээ сорин өрсөлдөнө.

Д.Өлзий

Холбоотой мэдээ