“Гоё-Угтаал” морин аялал зохион байгуулна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-04-01 20:11:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ЗДТГ, Боржигон Угтуулын бүх эрчүүдийн холбоотой хамтран ирэх долдугаар сарын 1-3-нд “Гоё-Угтаал” морин аялал зохион байгуулах гэж байна.

Монголчууд олон зуун жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж, мал маллах, ан ав хийх, аян дайнд мордох, нүүдэл суудал, уналга ачилга, шуудан харилцаа зэрэг ахуй амьдралдаа адууг байнга ашиглаж ирсэн нь тэдний амьдралын салшгүй нэгэн хэсэг болж, арвин баялаг адууны өв соёлыг бүтээсэн бөгөөд сайн хүлэг морь эр хүний үнэнч нөхөр хэмээн дээдлэн ирсэн түүхтэй.

Энэхүү арвин баялаг өв соёл нь морины эдлэл, хэрэглэл, монгол эр хүний үндэсний малгай хувцастай салшгүй холбогддог бөгөөд морин дэл дээр давхих нь эр хүний хийморь сүлдийг сэргээж байдаг онцлогтой юм.

Тиймээс энэхүү морин аялал нь адууны өв соёл, ёс уламжлал, монгол эрийн малгай хувцас хэрэглэлийг сурталчлан таниулах, хэрэглээ болгон сэргээх, сум, орон нутгийнхаа түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулах зорилготой ажээ.

Үйл ажиллагааны хүрээнд оролцогчдыг 10-тын системээр зохион байгуулж, мориор 100 км-ийн аялал хийх бөгөөд аяллын явцад очсон газрынхаа түүх, дурсгалын талаар мэдээлэл өгч танилцуулах юм.  

Үдэлж, хоноглох газруудад буухиа, сээр цохих, бөх барилдах, морины эд хэрэглэл нэрлэх зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулна.

Мөн “Сайхан хувцас хэрэглэлтэй”, эрэгтэй, эмэгтэй, нэг хос, “Морин аяллын идэвхтэн- жуулчин”, Морин аяллын идэвхтэн, ёс зүйтэй аялагч, Суран эдлэл үйлдвэрлэгч нутгийн иргэн зэрэг 11 номинацаар шилдгүүдийг шалгаруулж шагнах ажээ.

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаагаас хамааран морин аялал зохион байгуулах хугацаанд өөрчлөлт орох магадлалтайг зохион байгуулагчдын зүгээс танилцуулжээ.

Холбоотой мэдээ