“Дети Азии” наадамд оролцох “Хапсагай” бөхчүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dotood_editor@montsame.mn
2016-04-30 13:25:27

Монголын Сахаада спортын холбоо, ОХУ-ын Якут улсын Хапсагай бөхийн холбоо хамтран Якутын үндэсний “Хапсагай” барилдааны өсвөр болон насанд хүрэгчдийн гурав дахь удаагийн нээлттэй УАШТ-ийг Спортын төв ордонд болов.

Тэмцээний өсвөр насны ангилалд 67 бөхийн 19 нь якут  бөх, насанд хүрэгчдийн ангилалд 31 бөхөөс хоёр якут бөх барилдав. Тэмцээний өмнө Якутын Үндэсний хапсагай барилдааны холбооноос 1 шүүгч, 4 дасгалжуулагч, бөхчүүдийн хамт ирж 7 хоног хамтарсан бэлтгэл хийсэн юм. Тус тэмцээнд СХД, МУБИС-ийн Урлаг, биеийн тамирын сургууль, “Аварга”, “Шонхор” БТДС, ҮБТДС, БТСДуС, “Их шавь” дэвжээ, “Хасу-Мегастарс”, “Цастын барс” клуб, Говь-Сүмбэр аймгийн бөхчүүд барилдлаа.

Якутаас холбооны зэрэглэлийн шүүгч С.Е.Афанасьев зөвлөхөөр ажиллав. Тэрбээр, “Энэ оны долдугаар сарын 6-17-нд Якутск хотод болох Азийн хүүхдийн “Дети Азии” ҮI спортын наадмын хөтөлбөрт багтсан 22 спортын төрлийн нэг нь хапсагай барилдаан юм. Энэ тэмцээнийг сонирхолтой болгох, бөхийн баялаг уламжлалтай монголын хүүхдүүдийг амжилттай оролцоход нь дэмжиж туслах зорилгоор бид ирсэн. Якутын үндэсний хапсагай барилдааныг монголын хүүхэд, залуучууд хурдан сурч байна. Танай үндэсний бөхийн дүрэмтэй яг адилхан, харин цол олгодоггүй. Чөлөөт бөхийн дугуй дэвжээн дээр барилддаг” гэв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ