Иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй 379 барилга байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-04-02 14:13:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй 379 барилга нийслэлд байгааг  судалгаагаар тогтоожээ. Үүнийг Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргал, НМХГ-ын Нийгмийн хамгааллын хэлтсийн дарга И.Баттөгс нар хэвлэлийн бага хурал хийхдээ дурдсан юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн тушаалаар байгуулсан Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа газрыг илрүүлэн судлах ажлын баг нийслэлийн 9 дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үзлэг судалгаа хийжээ. Судалгаагаар 379 барилгын орчны аюулгүй байдал алдагдсан гэсэн дүгнэлт гарчээ.


Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргал, “Орчны аюулгүй байдлын стандартыг хангах албан мэдэгдлийг барилгын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн. Албан мэдэгдлийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-нд дуусна. Аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгахын тулд Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, тавигдах шаардлагыг боловсруулан гаргасан. Энэ шаардлага, стандартыг барьж ажиллавал барилгын компаниуд орчны аюулгүй байдлаа бүрэн хангах боломжтой юм” гэлээ.


Нийслэлд шинээр барьж буй гурван барилга, байгууламжийн ойр орчимд судалгаа хийхэд тус барилгуудын дэргэдүүр давхардсан тоогоор хоногт 15 мянган иргэн автомашинтай болон явганаар зорчсон байна. Иймд орчны болон хөдөлмөрийн аюулгүй байдал, явган хүний зам, автомашины орох, гарах хэсэг, барилгын материал тээвэрлэдэг авто машины дугуйг ариутгаж, халдваргүйжүүлэх үүргийг барилгын компаниудад өгсөн байна.  


НМХГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсийн дарга И.Баттөгс, “Аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлсэн албан мэдэгдлийн хугацаанд стандарт, шаардлага хангаагүй бол үйл ажиллагааг нь зогсоож, торгуулийн арга хэмжээ авна. Тухайн аж ахуйн нэгж байгууллага орчны аюулгүй байдлын зөрчлөө арилгасны дараагаар үйл ажиллагааг нь сэргээх асуудлыг ярих юм" гэв.

Холбоотой мэдээ