Улсын Физикийн 29 дүгээр олимпиадын шилдгүүд шагналаа гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-30 22:01:24

Улсын физикийн 29 дүгээр олимпиад Мандалговь хотод гурван өдөр үргэлжилж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиадад 21аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 150 гаруй багш, сурагч оролцож, оюун ухаанаа уралдуулсан юм. Олимпиадын дүн гарч, шилдгүүддээ өнөөдөр шагналыг нь гардууллаа.

Олимпиадын 9 дүгээр ангийн төрөлд Улаанбаатар хотын Сант  сургуулийн сурагч У.Тэлмүүн, 12 дугаар ангийн төрөлд Улаанбаатар хотын “Шинэ Монгол” ахлах сургуулийн сурагч Л.Дөлгөөн нар алтан медалийн эзэн болсон бол удаад нь Улаанбаатар хотын 11 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч С.Сайханбилэг, Дундговь аймгийн 4-р сургуулийн 9 дүгээр ангийн сурагч О. Буяндэлгэр, Улаанбаатар хотын 1-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Гарьд, Сант сургуулийн Л.Оюунтөгс нар мөнгөн медаль зүүлээ.

Хүрэл медалийг 9 дүгээр ангиас Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн сурагч Г.Сайнбилэг, Улаанбаатар хотын 1-р сургуулийн сурагч Н. Бямбасүрэн, О. Энхжин, 12 дугаар ангиас Улаанбаатар хотын 1-р сургуулийн сурагч Д.Хонгорзул, 11-р сургуулийн Б.Магнайтүвшин, Сант сургуулийн Х.Саранчимэг нар тус тус гардаж, олимпиадад оролцогчдоос оюун ухаан, мэдлэг чадвараараа онцгойрсон байна.

Олимпиадад 50 гаруй багш оролцсоноос Улаанбаатар хотын “Төгсдэлгэрэх” дунд сургуулийн багш Б.Түвдэндорж алтан медалийн эзэн болж, Сант сургуулийн багш Б.Батбэх, 11-р сургуулийн багш Ж.Хатанбаатар нар мөнгө, Сант сургуулийн багш Д.Хуншагай, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сургуулийн багш Ж.Отгонбаатар, Дундговь аймгийн Мандал сургуулийн багш Б. Мөнхсаруул нар хүрэл медалийг тус тус зүүлээ. Мөн олимпиадад хувийн амжилтаар оролцсон сурагчдаас Сант сургуулийн сурагч Б.Цог мөнгө, Ц.Ганхөлөг хүрэл медаль гардав.

Олимпиадын тусгай байрын шагналыг Дундговь аймгийн ЗДТГ бэлдсэн бөгөөд энэ шагналыг Улаанбаатар хотын 1- р сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Цолмон, С.Тэнгисболд, Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Сумъяажав, Увс аймгийн Цогцолбор нэгдүгээр сургуулийн сурагч Б.Мандахмаа, Орхон аймгийн ахлах сургуулийн багш Э.Амарбаясгалан, Увс аймгийн Цогцолбор нэгдүгээр сургуулийн багш Т.Мөнхжаргал нарт гардуулж өглөө.

Олимпиадад амжилтаараа тэргүүлсэн 9 дүгээр ангийн сурагчдад “Шинэ Монгол” ахлах сургуульд суралцах эрхийн бичгийг мөн гардуулсан юм.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ