Б.Янжмаа: Японы 81 иргэн “COVID-19”-өөр хэрхэн халдварласнаа мэдэхгүй байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2020-04-05 11:26:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы улсын Токио хотод өнгөрсөн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 118 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс 81 иргэн халдварыг ямар замаар авсан нь тодорхойгүй байгааг Япон улсаас ДЭМБ-д мэдээлсэн байна.


ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хувлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа дэлхий нийтийн “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар танилцуулахдаа дээрх мэдээллийг онцолсон юм.


Мөн тэрбээр, “Япон улсад бага насны хүүхдүүд болон залуучууд халдвар авах нь ихсэж байна. Испани улсад өнгөрсөн 24 цагийн дотор “COVID-19” халдварын 7200 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс энэ сарын 11-нд дуусах байсан онц байдлын хугацааг 2 долоо хоног сунгах болсон талаар тус улсын Ерөнхий сайд мэдээлсэн” гэв.


Италид вирусний халдварын улмаас 681 хүн нас барсан нь өмнөх өдрүүдээс буурсан үзүүлэлт бөгөөд тус улсын Ломбарди мужид иргэд амны хаалт эсхүл ам, хамрыг тагласан ороолт заавал зүүхийг шаардах шинэ журам хэрэгжүүлж эхэлсэн байна. АНУ-ын халдварын 27800 гаруй шинэ тохиолдол, БНСУ-д 81 шинэ тохиолдол бүртгэсэн байна. БНХАУ-д вирусний 30 тохиолдол илэрсэн бөгөөд 25 нь гадаадаас ирсэн иргэд гэдгийг тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлжээ.

Холбоотой мэдээ