Сүхбаатар аймаг ноолуурын үнийг анхлан тогтооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-07 10:45:56

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ноолуурын үнийн асуудал энэ жил малчид, иргэдийн хувьд хүлээлт үүсгээд байгаа. Засгийн газраас ноолуурын борлуулалттай холбоотой гаргасан шийдвэрийн хэрэгжилт удаашралтай байгаа учир Сүхбаатар аймаг холбогдох газартай хамтран ноолуурын үнийг бүсийн хэмжээнд анхлан тогтоох ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Килограммм ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй гэлээ.

Энэ талаар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатараас тодруулахад, Сүхбаатар аймгийн тухайд жилд 400 орчим тонн ноолуур бэлтгэж, түүнээс 30-40 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг. Ноолуур бол малчдын хувьд орлогын гол эх үүсвэр. Тиймээс хүлээлттэй байх нь аргагүй. Малчид ноолуурынхаа 80 орчим хувийг бэлтгэсэн гэдэг мэдээлэл байна. Одоо үүнийг хэрхэн борлуулах вэ гэдэг асуудал үүсч байгаа юм. Энэ талаар бид холбогдох яамныхантай ярилцаж, тодорхой зүйлүүдийг ч тохирсон. Засгийн газраас гаргасан шийдвэр болох 300 тэрбумтай холбоотой ажил одоо банкуудын түвшинд судлагдаж байна. Банкууд ноолуур бэлтгэн нийлүүлэгч ААНБ-уудтай гэрээ хэлэлцээр хийж, харилцан тохиролцох шатандаа явж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Тиймээс бид цаг хугацаа хожих үүднээс ХХААХҮЯ-ны харьяа, аймгийнхаа ХАА-н биржтэй хамтран эхний ээлжинд өнгөрсөн жилийнхээ туршлагаар Эрдэнэцагаан, Онгон, Баяндэлгэр сумтай гэрээ хийж, ноолуур бэлтгэх ажлыг эхлүүлье гэж тохиролцоод байна. Энэ ажлыг ирэх долоо хоногийн эхээр хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна. Ингэснээр манай аймаг бүсийн хэмжээнд ноолуурын үнийг анхлан тогтоох юм. Одоогоор ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс доошгүй байхаар тохироод байна. Эхний сумдад амжилттай эхлүүлчихвэл цаашид бүх сум болоод бүсийн хэмжээнд ноолуурын худалдаа энэ жишгээр явах боломжтой гэж харж байгаа. Засгийн газраас гаргасан шийдвэрийг болоод аймаг орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэрэгжтэл малчдыг хүлээлттэй байж, ноолуураа захын ченж нарт хямд үнээр борлуулахгүй байхыг анхааруулж байна гэв.

Энэ жил цас ихтэй байсан учраас ноолуурын гарц сайн, малчид чанартай ноолуурыг бэлтгэж байгаа. Харин малчид ноолуураа цагаан цайвар, хар бороор нь ангилан ялгаж бэлтгэсэн байх шаардлагатайг аймгийн ХХААГ-аас анхаарууллаа.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 1,2 сая ямаа самнаж, 374,4 тонн ноолуур бэлтгэх тооцоо гарчээ. Одоогоор ямаа самналт 84 хувьтай үргэлжилж байна.

04 дүгээр сарын 06-ны байдлаар тус аймагт нэг килограмм ноолуур 60000 төгрөгийн үнэтэй байна.

 

Холбоотой мэдээ