Булган аймагт тоосонцортой бүүдгэр байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-04-07 13:17:50

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт агаар тоосонцортой бүүдгэр байна.

Энэ талаар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс тодруулахад:

-Өчигдөр манай аймгийн өмнөд хэсгээр салхины хурд 15-20  м/с хүрч шороон шуурга шуурсан. Төв болон Дундговь аймагт шороон шуурганаас үүссэн тоос шороо манай аймагт хөөгдөн өчигдөр жин үдээс эхлээд үзэгдэх орчин хаагдсан. Энэ бол нарийн ширхэгт тоос. Манай улсад “PM2.5”, “PM10” гэж ярьж хэмждэг тоос, тоосонцрууд юм. Энэ нь салхи тогтуун байхад арилах нь удаан. Салхи гарч байж хөөгдөнө гэж цаг уурч Б.Нандинбат тайлбарлалаа.

Манай орны говьд дэгдсэн шар шороон шуурга Хятадын ихэнх нутгийг дайрч, Солонгосын хойг, Япон улсад улмаар Номхон далайг гатлан Канад, Хойд Америкт ч хүрдэг аж. Шороон шуурга агаарын урсгалаар зөөгдөн олон орны нийгэм эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг тул БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр "Зүүн хойд Азид шороон шуурганаас урьдчилан сэргийлэх, хянах" бүс нутгийн мастер төлөвлөгөөг Азийн хөгжлийн банк, Даян дэлхийн байгаль хамгаалах сангаас НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөр дамжуулан 2003 онд боловсруулснаар Монголд шороон шуурганы мониторингийн сүлжээ байгуулжээ.

Шороон шуурганы үүсэл, зөөгдөл, газар орчмын төхөөрөмж, хиймэл дагуулаар хийссэн шороо, тоосны хэмжилт, анализ, шороон шуургыг урьдчилан мэдээлэх, загварчлал, аэрозолын химийн найрлага, шороон шуурганы нөлөөллийн талаар олон улсын эрдэмтэд жил бүр эрдэм шинжилгээний бага хурал хийдэг. 2002 онд Сөүл, 2003 онд Нагояа, 2005 онд Хөх хот, 2006 онд Улаанбаатарт хийж байжээ.

Холбоотой мэдээ