Шинэ коронавирусээр халдварласан 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-04-08 11:27:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урд шөнө шинэ коронавирусний халдварын 1 тохиолдол илэрснийг Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр мэдээллээ. Энэ нь Монгол Улсад “COVID-19” халдварын 16 дахь тохиолдол болж бүртгэгдэж байна.


Уг өвчтөн ОХУ-аас 3 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө эх орондоо ирж тусгаарлагдан 3 дугаар сарын 28-нд шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан аж. Харин 11 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 8-нд давтан шинжилгээ өгөхөд ийнхүү шинэ коронавирусний халдвар илэрсэн байна.


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэхдээ: “COVID-19” халдвар илэрсэн тухайн иргэнийг ОХУ-аас ирсэн сэжигтэй тохиолдол хэмээн онцгой анхаарч тусад нь өрөөнд оруулсан. Ойр байсан 5 хүнийг тусгаарлаж тусад нь нэг, нэг өрөөнд оруулсан. Одоогоор тухайн иргэнд шинж тэмдэг илрээгүй байна. Тиймээс яаралтай зохион байгуулалтаа хийж, хяналтдаа авна" гээд Япон улсаас шинэ коронавирусний халдварын эсрэг хэрэглэх хамгийн сүүлийн үеийн эмийг авчирч эмчилгээндээ хэрэглэж байгааг дуулгалаа.


Харин Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүнд давтан шинжилгээ хийхэд 5 хүний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусний халдвар илрээгүй байна.

Холбоотой мэдээ