Орхон аймагт төл бойжилт 99.4 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас малчдад аюулгүй нөөцөөс тэжээл болон өвсийг үнэ төлбөргүй олгожээ.
Тодруулбал, өнгөрсөн зун Орхон аймагт зуншлага тааруу байсан тул мал тарга тэвээргээ сайн авч чадалгүй онд оржээ. Иймд хаваржилт хүндэрсэн болон өвс, тэжээлгүй болсон малчдад аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 15 тонн тэжээл, 850 боодол өвс, Улсын Онцгой комиссын шийдвэрээр улсын нөөцөөс 5000 боодол өвсийг 630 гаруй малчин болон мал бүхий өрхөд өглөө.
Өнгөрсөн оны мал, тэжээвэр амьтдын тооллогоор 835 өрхийн 126948 мянган мал бүртгэгдсэн байна. Үүний 53.3 хувь нь Жаргалант сумынх юм. Энэ жил аймгийн хэмжээнд 126948 толгой мал хаваржиж байгаагаас төл бойжилт 99.4 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар 58097 хээлтэгчээс 23649 мал төллөж 23514 төл эсэн мэнд бойжиж байна.