ХӨСҮТ: Сөүлээс ирсэн 83 зорчигчийн шинжилгээнд коронавирус илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-10 11:09:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2020 оны 4 дүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 83 зорчигчийн шинжилгээнээс коронавирус илрээгүй  хэмээн ХӨСҮТ-ээс мэдээллээ.


Энэ сарын 9-нд ХӨСҮТ болон Монгол Улс даяар “COVID-19” халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй гэдгийг өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү онцолсон юм.


Тэрбээр, “Өчигдөр 121 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан сэжигтэй нэг тохиолдол, Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдолтой ойр байсан хүмүүсийн шинжилгээ багтаж байна. Мөн тандалтын зорилгоор хийсэн 30 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тандалт судалгаа, лабораторийн шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна” гэв.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 206 хүн эмчлүүлж байна. 


Холбоотой мэдээ