Москва хотоос ирэх иргэдийг өөр төрлийн тээврийн хэрэгсэл захиалахгүй байхыг анхаарууллаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-04-10 17:09:10

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. ОХУ-д хөл хорио тогтоосонтой холбогдуулан Москва, Санкт-Петербург хотоос Улаан-Үд хотод очсон иргэдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч байгаа аж. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газраас ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын холбогдох байгууллагуудтай харилцан тохиролцсон байна. Иймээс Москва хотоос 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаан-Үд хотод очих иргэдийг уг тусгаарлалтад оруулахгүйгээр нэгдсэн журмаар Хиагт боомт хүргэхээр болжээ.

Иймд тус иргэдийг тухайн өдөр өөр төрлийн тээврийн хэрэгсэл захиалахгүй байхыг анхааруулсан байна. Иргэдийг 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаан-Үд хотод очиход ЕКГ-аас тусгай автобус бэлтгэсэн байх бөгөөд Хиагт боомт хүртэл үнэгүй тээвэрлэх аж.

Түүнчлэн Улсын онцгой комиссоос Хиагт-Алтанбулаг боомтоор хил нэвтрэх иргэдийг 21 хоног тусгаарлах шийдвэр гаргасан тул нутаг буцахаар бүртгүүлсэн иргэд тусгаарлах байрны төлбөр болох 1.050.000 төгрөг /хэрэв 700.000 төгрөг төлсөн бол зөрүү болох 350.000/-ийг ОБЕГ-ын ХААН банк дахь 5084538375 тоот дансанд яаралтай тушаахыг анхаарууллаа. Улсын онцгой комиссоос төлбөр төлөөгүй иргэдийг улсын хилээр нэвтрүүлэхгүй гэсэн байр суурьтай байгааг анхааруулахын зэрэгцээ Та бүхнийг хувийн аюулгүй байдлаа сайтар хангахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ