Малчдын зээлийн эргэн төлөлтийг 7 сар хүртэл хойшлуулах санал хүргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-10 17:20:13
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Малчдын зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хугацааг 7 сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах саналыг Монголбанк, Хаан банк, Төрийн банкны удирдлагуудад хүргүүллээ.


Тэрбээр саналдаа "Сүүлийн жилүүдийн судалгаанаас үзэхэд малчид ноолуурын орлого орох үе буюу 3-5 дугаар сард зээлийн эргэн төлөлтөө хийхээр тааруулан зээл авдаг. Коронавирусний тархалтаас үүдэн энэ жил дээрх горим, хугацаа алдагдахад хүрч байгаа нь малчдаас огт хамааралгүй гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа билээ. Засгийн газраас ноолуурын салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын байраа хадгалах болон малчдын орлогыг бууруулахгүй байх зорилгоор ноолуур худалдан авахад зориулан жилийн 3.0 хувийн хүүтэй, 300.0 хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгуулах, хүүгийн зөрүүг төсөв хариуцахаар шийдвэрлээд байна. Хөнгөлөлттэй зээлийг холбогдох дүрэм, журмын дагуу зохицуулж, олгож эхлэхэд тодорхой хугацаа шаардаж байгаа учир энэ хооронд малчдыг зээлээ цаг хугацаанд нь төлөх шаардлагыг арилжааны банкны зүгээс хүчтэй тавьж байгаа нь хүндрэл бэрхшээл үүсгэж байна" хэмээн тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ