Цагдаа нөхрөө эцсийн замд нь үджээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-05-02 16:02:41

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Нэгдүгээр” багийн нутаг “Улаан хад” гэх газарт тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Буянжаргал албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсаныг бид өмнө нь мэдээлсэн.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын зөвлөл, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид ажилдаа үнэнч, тангаргаа үлгэрлэн биелүүлсэн  эрхэм нөхрөө эцсийн замд нь үдсэн байна.  Ц.Буянжаргал нь Арвайхээрийн дунд сургуулиас Хууль сахиулахын Их сургуулийн ахлагчийн сургуульд амжилттай суралцаж төгсөөд, нутагтаа  ажлын гараагаа эхэлсэн залуу цагдаа байсан юм. Тэрбээр Өлзийт сумын цагдаагаас ажлын гараагаа эхлээд Монгол банкны цагдаагаар ажиллаж байхдаа өөрийн хүсэлтээр   Есөнзүйл суманд ажиллаж байв. Архи уун согтуурч удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд албан үүргээ гүйцэтгэж явсан түүний амийг хороож цагдаагийн хамт олон болон ар гэрийнхэнд нь нөхөж баршгүй гарз учруулсан. Цагдаагийнхаа гавьяаг ЦЕГ-ын мөнх дурсагдах самбарт мөнхөлж, түүний гэгээн дүр, үнэнч зүтгэлийг хэзээ ч мартахгүй гэж ЦЕГ-аас мэдэгдсэн юм. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ