Монгол дундыг баримталж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-02 16:09:36

СИДНЕЙ. /Eastasiaforum/. Монгол болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар 2016 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотноо уулзаж, стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан билээ. Өмнө нь Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч нар Улаанбаатар хотноо 2014 оны есдүгээр сард уулзах үеэрээ хоёр улсын хооронд стратегийн түншлэл байгуулахаар тохиролцсон юм.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монголд хийсэн айлчлалынхаа үеэр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ болон НҮБ дахь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр, БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридор байгуулах төлөвлөгөөг дурдлаа. Энэ төлөвлөгөөг тус гурван орны төлөөлөгчид Узбекистаны нийслэл Ташкент хотод болох ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх аж.

ОХУ-ын Ази руу чиглэсэн бодлогын гол бүрэлдэхүүн хэсэг бол Монгол Улс юм. Монгол дахь Оросын гол ашиг сонирхол бол ерөнхийдөө эдийн засгийн шинжтэй. Оросын эрчим хүчний “Роснефть” компани Монголын нефтийн хэрэглээний 92 хувийг хангадаг. Харин Монгол Улс уул уурхайн асар их нөөц баялагтай билээ.

Гэвч хоёр орны худалдааны эргэлт 2010 оноос хойш буурсаар байна. Ялангуяа БНХАУ-ын Монголыг чиглэсэн эдийн засгийн үйл ажиллагаа өргөжиж буй энэ үед ОХУ-ын албаны хүмүүс энэ хандлагыг буцаан өөрчлөх зорилго тээж байна. Харин Орос улс Евразийн илүү өргөн хэмжээний зах зээл бий болгохын тулд Монголыг эдийн засгийн холбоос болгон ашиглах сонирхолгүй нь харагдаж байна. Оросын эн тэргүүний зорилт бол Монголын эрчим хүч, уул уурхайн салбаруудад давуу байр сууриа хадгалахад  илүүтэй анхаарах явдал юм.

ОХУ-ын хувьд Монголтой харилцаагаа бэхжүүлэх замаар Зүүн Ази дахь нөлөөгөө бэхжүүлэх сонирхолтой байгаа бол Монголын хувьд олон улсын зах зээл дэх эдийн засгийн байр сууриа олон талт болгон төрөлжүүлэх гэж байж магадгүй юм. Гэтэл тус хоёр улсын “стратегийн түншлэл”-ийн үзэл баримтлал нь тодорхойгүй байгаа. Нэр томьёоны ойлгомжгүй байдал нэлээд уян хатан байдлыг бий болгож байна. Монголын хувьд эл тодорхойгүй байдал нь албан ёсоор төвийг сахих бодлогоо хэрэгжүүлэх явдлыг эргэлзээтэй болгож байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны сүүлчээр улсынхаа төвийг сахих бодлогын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, энэ нь одоо УИХ-ын хэлэлцэх чухал асуудлуудын нэг болоод байна. Ц.Элбэгдоржийн үзэж байгаагаар, Монгол Улс олон жилийн турш төвийг сахисан орон байсан байна. Монголын гадаад бодлогын цөм нь эдийн засгаа төрөлжүүлж, БНХАУ болон ОХУ-ын геополитикийн хүрээнээс давсан аюулгүй байдлын түншлэл бий болгож, эвсэлд үл нэгдэх явдал юм.

Өрнөдийн орнууд болон Япон, Турк зэрэг орнуудыг чиглэсэн Монголын олон талт “Гуравдагч хөрш”-ийн гадаад бодлого нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкерийн 1990 онд хийсэн мэдэгдлээс үүдэлтэй. Монголын гадаад харилцааг тодорхойлох энэ бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үндэслэл нь тус улсын газар зүйн эмзэг байдал юм.

Харин Монголын батлан хамгаалахын олон талт бодлого нь БНХАУ, ОХУ, АНУ-тай болон НАТО, ШХАБ зэрэг томоохон байгууллагуудтай хийж буй хязгаарлагдмал хамтын ажиллагаанд суурилдаг. Монгол нь ШХАБ-д ажиглагч орны статустай бөгөөд хүсвэл гишүүн болох боломжтой. Үүнээс гадна Монгол НАТО-гийн түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөрт оролцдог билээ. Монголын цэргийн олон талт бодлого нь тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаа хадгалах стратегийн нэг хэсэг юм гэж Жонс Хопкинсийн их сургуулийн Жон Дэйли дүгнэлээ.

Монголын төвийг сахих бодлогын гол зарчим нь тус улсын батлан хамгаалахын бодлоготой холбоотой бол стратегийн түншлэлийг нь олон улсын худалдаа, валюттай холбон үзэж болно. Төвийг сахих байр суурьтай болсон нь стратегийн түншлэлтэй зөрчилдөхгүй. Жишээ нь төвийг сахидаг Швейцарь БНХАУ-тай стратегийн түншлэл байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн билээ.

Гэвч Монголын хувьд нэг асуудал байгаа нь эдийн засгийн хувьд БНХАУ болон ОХУ-аас хамааралтай байгаа явдал юм. Тухайн улс орон гадаадын санхүүжилт, хөрөнгө оруулалтаас бүрэн хамааралгүй үед л төвийг сахих боломжтой болохыг Виктор Самойленко нотолсон билээ. Монголын эдийн засгийн өсөлт 2014-2015 онд 7.9-2.3 хувь болж унасан бөгөөд мөн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт гурав дахин буурсан. Монголын БНХАУ-тай хийж байгаа экспортын хэмжээ ОХУ руу хийж байгаагаас хэд дахин их боловч тус хоёр улсаас хийж байгаа Монголын импортын /эрчим хүчийг оруулахгүйгээр/ хэмжээ хоорондоо бараг адил.

Монгол-ОХУ-ын стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх нь Монголын хувьд илүү тэнцвэртэй худалдааны харилцаа тогтоох явцыг хурдасгаж, хүнд байдалд байгаа эдийн засгийг нь сэргээх боломж байж магадгүй юм. Гэвч энэ нь Монголын эдийн засгийн ОХУ-аас хараат байдлыг ихэсгэж болзошгүй юм.

Батлан хамгаалах, аюулгүй байдлын чиг хандлага бүхий ШХАБ гэх мэт эвслүүд нь эдийн засаг дахь нөлөөгөө өргөжүүлж байдаг учир бүс нутгийн харилцааг тодорхойлдог аюулгүй байдал болон худалдааны харилцаа хоёрын хоорондох ялгаа маш бага болсон байна. Тиймээс эдийн засагт нь ашиг тустай харилцааг тогтвортой хадгалахын зэрэгцээ аюулгүй байдлын түншүүдээсээ стратегийн хувьд хангалттай хэмжээний зай барьж байх нь тус улсын хувьд чухал юм гэж “Sino-NK” судалгааны байгууллагын ОХУ, Евразийн шинжээч Энтони В.Ринна бичжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ