Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 19.9 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-15 11:30:03
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 778.3 (19.9%) тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 859.1 (29.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.


Харин боловсруулах үйлдвэрлэл 23.2 (3.3%) тэрбум төгрөгөөр, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 57.6 (17.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

 

Нийт үйлдвэрлэлийн 64.4 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар, 23.1 хувийг боловсруулах аж үйлдвэрийн салбар, 12.5 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбар эзэлж байна.  


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 859.1 (29.8%) тэрбум төгрөгөөр буурахад нүүрс олборлолт 600.7 (46.0%) тэрбум төгрөгөөр, газрын тос олборлолт 167.6 (70.4%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 91.8 (7.0%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна

.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 3.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.6 (35.0%) их наяд төгрөгөөр буурчээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 1.6 (48.1%) их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 96.0 (9.5%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын борлуулалт 58.4 (17.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 



Холбоотой мэдээ