Ухань дахь "Лэйшэньшань" түр эмнэлгийг хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-04-15 13:36:22

УХАНЬ. /Xinhua/. БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужийн нийслэл Ухань хотод байгуулсан “Лэйшэньшань” түр эмнэлгийн үйл ажиллагааг коронавирусний тархалт хумигдсантай холбогдуулан зогсоожээ.


Лэйшэньшань” эмнэлгийг “COVID-19” халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхийн тулд 10 хоногийн дотор барьсан бөгөөд уг эмнэлэгт эмчлүүлж байсан сүүлийн ээлжийн өвчтөнүүдийг мягмар гарагт энгийн эмнэлэг рүү шилжүүлсэн байна.


“Халдварын тархалтын эсрэг олон сарын турш тэмцсэн Ухань хотод “Лэйшэньшань” эмнэлгийн үйл ажиллагаа зогссон нь ихээхэн ач холбогдолтой үйл явдал бөгөөд тус хотод “COVID-19” халдварын эмчилгээ “хэвийн түвшинд” эргэн орсныг илтгэж байна” гэж Үндэсний эрүүл мэндийн комиссын төлөөлөгч Жяо Яхуй мэдэгджээ.


Эмнэлгийг хаах ёслолын үеэр эмч, сувилагч нар төрийн далбаагаа өргөж, өөрсдийнхөө нэрийг хамтран ажиллагсдынхаа хувцсан дээр дурсгал болгон бичжээ. Эрх баригчдын мэдээлснээр, “Лэйшэньшань” эмнэлгийг нэн даруй буулгахгүй хэдий ч нэг их удаан байлгахгүй ажээ. “Бид уг эмнэлгийн үйл ажиллагааг дахин сэргээх шаардлага үүсэхгүй хэмээн найдаж байна” гэж дүүргийн төлөөлөгч цугласан хүмүүст хандан хэлсэн байна. 

Холбоотой мэдээ