Тусгаарлах байранд 1 451 иргэнийг ажиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-18 15:15:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс коронавирусний цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлаа хэрхэн хангаж буй талаар болон тусгаарлах байранд ажиглалтад байгаа иргэдийн тухай мэдээллийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал танилцууллаа.

Улсын хэмжээнд тусгаарлах байранд 1 451 хүн байна. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 5 143 иргэнийг тусгаарлах байранд ажиглажээ. Одоогоор 5 хүртэлх насны 37, жирэмсэн 28, артерийн даралт ихсэх эмгэгтэй 63, зүрх судасны эмгэгтэй 12, чихрийн шижинтэй 19, хоол боловсруулах замын эмгэгтэй 9, хорт хавдрын улмаас эмчилгээ хийлгэж буй 17 хүн байгаагаас 2 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Тэдний лабораторийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.  

Харин гэрийн ажиглалтад байгаа иргэдэд өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн төвүүд хяналт тавьж байгаа аж. Өнөөдийн байдлаар Улаанбаатар хотод 1 897 иргэн гэрийн ажиглалтад байна. Өчигдөр 721 иргэний хяналтын хугацаа дуусжээ.

Манай улсын хэмжээнд коронавируст халдварын үед хэрэглэх амьсгалын 425 аппарат байгаа бөгөөд шинээр 415 ширхэгийг авахад бэлэн байгаа аж. Түүнчлэн халдвар тархах эрсдэлийг тооцоолон 5810 ор бэлдэж, үе шаттай дэлгэхээр бэлджээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Асралт мед эмнэлгийн орыг одоогоор ашиглаж байгаа бол цаашид Улсын I, II, III төв эмнэлэг, АШИҮУС-ийн шинэ эмнэлэг,  дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн орыг хэрхэн ашиглах тооцооллыг гаргажээ.

Холбоотой мэдээ