Бэлчээрийн хортон мэрэгч устгах ажлыг 146,5 мянган га талбайд хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-19 12:11:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар энэ хавар бэлчээрийн хортон устгах талбайг сонгож, энэ ажлыг зохион байгуулах хүмүүст зөвлөмж өгсөн байна.

Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн, Сайхан зэрэг нийт есөн сумын нутаг дэвсгэрт хөнөөлт мэрэгч амьтны нягтралыг тогтоон 146,5 мянган га бэлчээрийн талбайд үлийн цагаан оготно устгах ажил хийхээр товлолоо. Хортон мэрэгчийг энгийн механик аргаар устгах зөвлөмжийг сумын Засаг даргаас томилсон ажлын хэсэгт газар дээр нь очиж зөвлөн тусаллаа гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газар мэдээллээ. Бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэх арга хэмжээг ирэх сарын 10-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм. Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт үлийн цагаан оготны тархалт ихэсч, бэлчээрийн даац хэтэрсэн Рашаант суманд 18,7 мянган га талбайд бэлчээрийн мэрэгч амьтан устгах ажлыг микро биологийн аргаар буюу бактерийн будаа цацаж устгал хийхээр төлөвлөн, бэлчээрийг чөлөөлөх арга хэмжээ авч байна.

Мөн Баяннуур суманд 15000 га талбайд тархсан үлийн цагаан оготныг устгах бөгөөд иргэд, малчдад нэг оготны сүүлийг 500 төгрөгөөр тооцож хөлс олгохоор төлөвлөжээ.

Холбоотой мэдээ