Сэлбэ дэд төв станц, 9 мянга гаруй өрхийн цахилгаан, цэвэр, бохир усны асуудлыг шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-19 15:06:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон жил дуншсан нийслэлийн Дэд төвүүд бодитоор амьдралд хэрэгжиж эхэлсний тод жишээ нь Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт юм. 


Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотын хөгжлийг тэнцвэртэй болгохоор 6 дэд төвтэй байхаар тусгасан.


Нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1 дүгээр үе шатанд Улаанбаатар хотын хойд бүсийг “Баянхошуу, Сэлбэ дэд төв” болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа юм.


Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил 80 гаруй хувьтай хэрэгжиж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан уг бүтээн байгуулалтын ажлын явцтай /2020.04.18/ танилцав.


Зуслангийн замын ачааллыг бууруулах авто зам IX сард ашиглалтад орно



Улаанбаатар хотын Захирагч, СБД-ийн 14 дүгээр хороонд барьж буй Сэлбэ дэд төвийн 28 Мвт хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажлыг шалгасны дараа тус дэд төв орчим дахь 6,6 км авто зам болон гурван гүүрийн бүтээн байгуулалттай танилцав. Улаанбаатар хотын хойд чиглэлийн авто замын ачааллыг бууруулах, ялангуяа зуслангийн чиглэл рүү зорчих гурав дахь хувилбарыг зорчигчдод бий болгож өгснөөр Дарь-Эх, Долоон буудлын зам дээр үүсдэг түгжрэлийг багасгах өндөр ач холбогдолтой тус авто замыг IX сарын 30 гэхэд ашиглалтад оруулах аж. Харин хийгдээд байгаа явган замын хашлага болон замын хийц бүтээц материал нь хотын Захирагчийн гэнэтийн шалгалтад бүдэрсэн тул чанаргүй зам, хашлагуудыг бүгдийг хуулж, чанартай материалаар дахиж гүйцэтгэхийг даалгасны зэрэгцээ ажлын явцад хяналт тавьж байгаа аж  ахуйн нэгж болон төслийн нэгжийг хяналт хариуцлагаа чангатгахыг үүрэг болгов.


240 хүүхдийн цэцэрлэгийн барилга тавдугаар сарын 30-нд ашиглалтад орно



Хотын Захирагч, Сэлбэ дэд төвийн Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв болон 240 хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалтын явцыг шалгав. Сэлбэ дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын нэг болох 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга угсралтын ажил 87 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 30 гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Цаг хугацаандаа амжуулах гэж чанаргүй ажил хийж огт болохгүйг хотын Захирагч сануулаад, “Та бүхэн өөрийнхөө үр хүүхдийг энэ байшинд хичээллэнэ, энэ гудамж талбайгаар гүйж, тоглоно гэдгийг бодолцож, нэг тоосгыг ч байсан стандартын дагуу чанартай өрж, өөриймсөг сэтгэлээр ажиллаарай” хэмээн гүйцэтгэгчдэд захисан юм.

Тавдугаар сард ашиглалтад орох “Сэлбэ” Бизнес инкубатор төвд төрөл бүрийн ажил мэргэжлийн сургалтууд зохион байгуулахаас гадна гарааны бизнес эрхлэх гэж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг туршлага солилцох, мэдлэг чадвараа хуваалцах, бизнес санаагаа бойжуулан бодит ажил хэрэг болгох хүртэл нь дэмжих олон талт үйл ажиллагаа явуулах аж.


Кофе шоп, интернэтээр үйлчлүүлэхээр төв явах шаардлагагүй болно


Сэлбэ дэд төвийн Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төвийн барилга тавдугаар сарын 31-нд ашиглалтад орсноор ЧД-ийн 14, 18 дугаар хороо, СБД-ийн 13, 14 дүгээр хорооны 3700-гаад айл өрх шилэн кабелаар өндөр хурдны интернэтэд холбогдож, Univision, Skymedia гэх мэт IPTV-ийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, гэр хорооллынхон тохь тухтай кофе шопоор үйлчлүүлж, интернэт орчинд цаг харгалзахгүй тайван сууж ажлаа амжуулахын тулд заавал хотын төв рүү ирэх шаардлагагүй болох юм.


Гэр хорооллын дахин төлөвлөлт зогсоогүй бодит ажил хэрэг болж байна



Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган айл өрхийг орон сууцжуулах, тохь тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үндэс суурь нь юуны түрүүнд инженерийн дэд бүтэц, шугам сүлжээг шийдэж өгөх явдал. Дэд бүтцийг нь шийдээд өгчихсөн байхад Түрээсийн болон орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрүүд шуурхай бөгөөд амжилттай хэрэгжих үндэс бүрдэж, гэр хорооллын нэг хэсэг нь газраа бэлэн баригдсан орон сууцаар солих, зарим нь өөрийн хашаа, газар дээрээ амины орон сууц барих, хүсвэл хэсэг гудамжаараа нэгдээд Таун хаус барьж орох зэрэг боломжууд нээгдэнэ.


“Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт энэ онд бүрэн хийгдэж дууссанаар өдгөө тухайн газарт аж төрж буй 3700 орчим айл өрх дээр нэмээд 6000 орчим айл өрхийг цахилгаан, дулаан, цэвэр бохир усны хангамж гээд инженерийн дэд бүтцээр найдвартай хангах суурилагдсан хүчин чадал, хөрс суурь бүрдэж байгаа юм. Энэ бол гэр хорооллын дахин төлөвлөлт зогсох бус харин ч илүү бодитой, илүү ул суурьтай, илүү өргөн хүрээнд олон талт хувилбараар хэрэгжиж байгаагийн илрэл. Тиймээс одоо ашиглалтын өмнөх захиргааны байраа нээн ажиллуулж, Дэд төвийг хүлээн авах бэлтгэлээ хангах учиртай“ гэж Хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр онцолсон хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ