ДЭМБ:Огт шинж тэмдэггүй тохиолдлоос коронавирусний халдвар тархаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан шинж тэмдэг огт илрээгүй тохиолдлоос халдвар тархаж байна хэмээн Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Тэрбээр коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулсан юм.
Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д коронавирусний халдвар 9 хувь, Испанид 5 хувь, Францад 8 хувиар нэмэгдсэн байна. Нас баралтаар Франц улс хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 16 хувь, Итали улс 13 хувьтай байна.
ДЭМБ-аас сэжигтэй болон батлагдсан тохиолдол, тэдгээрийн хавьтлыг эрт илрүүлэх, шинжилгээ хийхийг зөвлөж байгаа. Сүүлийн үед хийж буй тархвар зүйн судалгаагаар халдвартай хүмүүс шинж тэмдэг илрэхээс өмнө болон илэрснээс хойш халдвар тараах эрсдэлтэй тул хавьтлын судалгааг эрт эхлүүлж, тусгаарлах нь чухал байна.
Судалгаанаас үзэхэд шинж тэмдэг эхэлснээс хойш эхний долоо хоногт вирус ихээр ялгарч, дөрөв дэх хоногтоо оргил үедээ хүрч байна. Шинж тэмдэг илэрснээс найм хоногийн дараа авсан сорьцод ялгаагүй амьд вирус илрээгүй байна. Вирус их байх тусам эмнэлзүйн шинж тэмдэг хүнд явцтай байна.
Хэд хэдэн оронд хийсэн судалгаагаар, нийт бүртгэгдсэн тохиолдлын 44 хувь нь шинж тэмдэггүй үедээ халдвар тараажээ. Тухайлбал, Сингапурт 48 хувь, БНХАУ-ын Тяньжин мужид 62 хувь нь халдвар шинж тэмдэггүй үедээ тархсан байна. Мөн огт шинж тэмдэггүй тохиолдлоос халдвар тархаж байна. Уханьд лабораторийн шинжилгээгээр батлагдсан 26 мянган тохиолдлын 60 хувьд нь шинж тэмдэг илрээгүй буюу хөнгөн хэлбэртэй байжээ. Мөн Ухань хотод Японоос тусгай үүргийн онгоцоор ирсэн 565 хүнээс 13 тохиолдол батлагдаж, тэдгээрийн 31 хувьд шинж тэмдэг огт илрээгүй байна.
Халдвар бүх насанд бүртгэгдэж байгаа ч өндөр настан, хавсарсан
суурь эмгэгтэй хүмүүст нас баралтын хувь илүү өндөр байна. Японд хүнд өвчтөний
27 хувь, БНСУ-д 14 хувийг 60-аас доош насныхан эзэлж байна.
БНХАУ, Япон, Сингапур, Шинэ Зеланд, БНСУ-д бүртгэгдсэн 60 голомтоос
харахад асрамж, халамжийн төв, шашны цугларалт, эмнэлэг, гэр бүл, спорт клуб, бар
ресторан, амьд хөгжмийн тоглолт хийдэг газрууд коронавирусний халдвар тархах эрсдэлтэй орчин байжээ. Эдгээр газраас
халдварыг гэртээ тээж авчирснаар гэр бүлийн голомт үүсгэж байна.