Япон эдийн засгийг дэмжих багцын хэмжээгээ нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-20 15:18:07

ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар үндэсний эдийн засгийг дэмжих хүрээнд гаргасан 108 их наяд иений /990 тэрбум ам.доллар/ багцыг 117 их наяд иен /1.1 их наяд ам.доллар/ болгож нэмэгдүүлэх шийдвэрийг гаргажээ. Энэхүү багцыг коронавирусний цар тахлын улмаас хохирол амссан эдийн засгийг дэмжихэд зориулж гаргасан юм.


Энэ тухай зохих шийдвэрийг Засгийн газар ойрын хугацаанд албан ёсоор зарлах төлөвтэй байна. Нэмэлтээр олгож буй санхүүжилтийг Японы оршин суугчдад 100 мянган иен бүхий тэтгэмж олгоход зарцуулах аж. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо тэргүүтэй сайд нарын танхимын баталсан энэхүү эдийн засгийн тусламжийн багц нь Япон улсад урьд өмнө нь гаргаж байгаагүй их хэмжээний багц бөгөөд үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувьтай тэнцэх хэмжээний багц аж.  


Япон улсад коронавирусний халдварын нийт 10797 тохиолдол бүртгэгдсэн бол халдварын улмаас 236 хүн нас баржээ. Үүнээс гадна тус улсад одоогоор биеийн байдал нь хүнд байгаа 215 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна. 

Холбоотой мэдээ