БУЛГАН: Хавиргагүй хайлааст уулын домгоор их хааны сүр хүчийг илтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-12-24 11:09:22

Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 22  /МОНЦАМЭ/.  Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Орхон голын урд талд  аймгийн төвөөс 86 км, Улаанбаатар хотоос 265 км-д орших Хавиргагүй хайлааст хэмээх өвөрмөц сонин тогтоц бүхий нэгэн уул бий.


Энэ уулыг нарийн ажиглавал баруун талаас нь ирт мэсээр тас цавчсан юм шиг, сүр бараатай байц сүрлэг энэ уулын өрөөсөн талыг өм цөм татаад авчихсан юм шиг харагддаг аж.  Мөн түүнээс холгүй газар мод чулуугүй нүцгэн Сайхан толгой гэж бий.


Эртний нэгэн домогт Эрт цагт монголын эзэн Чингис хаан бүх цэргийн хамт ан авлан яваад, Орхоны хойд талын хад асганаас гурван чулуу өргөн ирж тулга болгон тулж эхэлтэл зүүн урд зүгээс уулын чинээ бодон гахай ирж явахыг хараад саадаг нумаа шүүрэн авч харвахыг завджээ. Гэтэл цаанаас нь аварга могойн асар том толгой цухуйхаар нь эрчит нумаа эцэст нь тултал татаж бодон гахай аварга могой хоёрыг нэгэн сумаар устгаад, нум саадгаа хажуугийнхаа үйрмэгдүү улаан ягаан чулуу бүхий уулыг налуулахад хотолзон ганхаж байсан тул Уушги хэмээн, нөгөө талын уулыг налуулахад дажгүй даасан тул Бэрх гэж тус тус нэрлэсэн ажээ.


Нумны булцуу нь бодон гахайн тал биеийг аварга могойн толгойтой хамт тас татан унахдаа бөөн шороо овоолсон нь Сайхан толгой болж, бодонгийн нурууны босоо үс нь ой мод, тарж бутарсан үс нь бургас, хайлаас болон ургасан юм. Харин аварга могойн их бие баруун зүг шидэгдэж горхи болон урссан гэлцдэг. Тэр цагаас хойш бодон гахайн тал биеийг Хавиргагүй Хайлааст, Чингисийн өргөж авчирсан гурван чулууг Чингисийн тулга гэдэг болсон хэмээн өгүүлдэг аж.


Ийнхүү  уул усны нэрээр дамжуулан их эртнээс түүх өв соёлоо үлдээдэг болох нь олон газрын домог түүхээс харагддаг ажээ.






Холбоотой мэдээ