ТӨВ: "Эко вариорс клуб"-ын хүүхдүүдийг оны онцлох номинацид шалгаруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-24 11:28:16

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар  сарын 23 /МОНЦАМЭ/. Өнөөдөр оны онцлох хүүхдээр "Эко вариорс клуб"-ын хүүхдүүд шалгарчээ. Тус эко клуб нь энэ онд 17 онцлох ажлыг зохион байгуулсан байна.

 

Тодруулбал, “Зүүн хойд Азийн нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг “Y4RP2025” 18-25 насны Монгол Улсын нийгмийн энтрепренер залуусын төслийн тэмцээнд 115 багаас тусгай байрт шалгарчээ.

 

Түүнчлэн “Эко хээрийн аялал”-ыг санаачлан Зуунмод сумын ЗДТГ, БОАЖГ-тай хамтран 40 гаруй сурагчдад Хустайн цогцолборт газрын байгалийн онцлог, ойжуулалт, нөхөн сэргээлтийн талаар онол, дадлага хослуулсан сургалт зохион байгуулсан байна.

 

“Усны үнэ цэн” сэдэвт сургалтыг Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран зохион байгуулж, 40 сурагчийг лабораторийн дадлагаар усны шинжилгээний үйл ажиллагаатай танилцуулжээ.

 

“Байгаль орчны цогц мэдлэгийн сургалт”-ыг Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулж, 400 гаруй сурагчийг хамруулсан байна.

 

“Эко анги шалгаруулах аян”-ыг өрнүүлж, хог хаягдлын эсрэг мэдээллийн самбаруудыг байршуулж, сурагчдын хог хаягдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлжээ.

 

Хаягдал материал ашиглан байгальд ээлтэй бүтээл хийх, дахин ашиглалтын ач холбогдлыг таниулах зорилготой “Хоггүй Зуунмод-2025” бүтээлийн уралдаанд амжилттай оролцож “Тэргүүн” байрт шалгарсан байна.

 

“Цоохор ирвэсийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд танин мэдэхүйн сургалт, тэмцээн зохион байгуулж 250 гаруй сурагчдыг хамруулж, ан амьтны хамгаалал, экологийн тэнцвэрийн талаарх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Govkeeper” тэмцээнийг санаачлан зохион байгуулж ахлах ангийн 250 сурагчийг хамруулсан байна.

 

“Бүтээлч экологи–1, 2” үйл ажиллагааг зохион байгуулж Мөнх-Алдарын талбай болон Нэгдүгээр сургуулийн гадна орчныг сэргээн засварлаж, будаж, хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчныг бий болгожээ.

 

Дэлхийн анхны Дархан цаазат газар Богд хан уулын өвөрт орших Манзуширын хийд орчмын хог хаягдлыг түүж, байгалийн онгон дагшин байдлыг хадгалах, байгальд ээлтэй орчныг бүрдүүлэхэд сурагчдын сайн дурын оролцоог нэмэгдүүлсэн байна.

 

“Youth Power in Tuv” байгальд ээлтэй залуусын чуулганд Eco Warriors клубийн гишүүд амжилттай оролцож, сургуулийн орчинд 64 ширхэг цэцэг, цэцгийн мандалд суулгаж, усалж арчилжээ.

 

Нэгдүгээр сургуулийн 6–12 дугаар ангийн 540 гаруй сурагчдад байгаль орчны цогц мэдлэг олгох сургалт зохион байгуулсан гэх мэт онцлог ажлуудыг зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ