“Фронт Бадам"-ын мэндэлсний 111 жилийн ой энэ онд тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-04-22 13:58:49

Увс /МОНЦАМЭ/. Ард олноо “Фронт Бадам" хэмээн алдаршсан Энгэлийн Бадам агсны мэндэлсний 111 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр дэлхийн 2-р дайны он жилүүдэд буюу 1941-1945 оны хооронд ЗХУ-ын Улаан армид 10 мянган төгрөг, 1600 бог мал, 10 агт морь, 16 атан тэмээ болон олон зуун нэхий, хурганы арьс зэргийг бэлэглэж, 96 шилдэг сайн агт морьдоо фронтод худалдсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэр л цагаас хойш нутгийн ард иргэд “Фронт Бадам” хэмээн авгайлан дуудаж, орон даяар “Фронт Бадам” хэмээн нэр алдраа мөнхлөн үлдээсэн юм.

Улсын алдарт сайн малчин Бадам нь 1909 оны Шарагчин тахиа жил Чандмань уулын аймгийн Өлзийжаргалант сум буюу одоогийн Увс аймгийн Өмнөговь сумын нутаг “Харганатын ам” хэмээх газар малчин ард Галууд овогт Энгэлийн гэр бүлд төржээ. Тэрбээр 1928 онд нутаг ус нэгт Тугтан овгийн баян Дүүдэйгийн хүү Мягмартай гэр бүл болж хоёр хүү, хоёр охин төрүүлж өсгөсөн байна.

Тэдний мал сүргийн тоо 1941 онд 6245 толгойд хүрчээ. 1941 оны 6-р сарын 22-ны өдөр Германы фашистууд ЗХУ-д халдан довтолсноор эх орны дайн эхэлж, 1941 оны 9-р сард Сайд нарын Зөвлөлийн дэргэд Зөвлөлтийн ард түмэнд туслах ажлыг зохион байгуулах “Бэлэглэлийн төв комисс” байгуулж, комиссын даргаар МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Сүхбаатарын Янжмааг томилон ажиллуулжээ. Энэ үеэс эхлэн Монгол орон даяар “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад” гэсэн уриа бүхий Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөн өрнөсөн байна.

1941 оны 10-р сарын дундуур Өмнөговь сумын 8-р багийн ард иргэд хуралдаж, багийн хуралд очсон Э.Бадам төвийн төлөөлөгчдийн яриаг анхааралтай сонсож сууснаа цугларсан олны дундаас босож “Эх орон, энх амгалан амьдрал бидэнд хэрэгтэй. Эр нөхөртөйгөө ярьж амжаагүй ч өөрийн унаж яваа эрх зээрдийгээ ижил сүрэг болох шилдэг 10 морь, арван мянган төгрөгийн хамтаар Зөвлөлтийн улаан армид бэлэглэж байна” гээд Зөвлөлтийн Улаан армид харамгүйгээр тусалцгаая гэж бусдыгаа уриалан дуудсан байна. Бадам гэртээ ирж багийн хурлын сонин, Зөвлөлтийн Улаан армид өгсөн бэлгийн талаар эр нөхөр Мягмартаа ярихад нөхөр нь анхааралтай сонсож сууснаа “Зөв зөв, бидэнд эд хөрөнгө, малаас илүүтэй эх орон, эрх чөлөөт амьдрал хэрэгтэй, өвчтэй миний хувьд хэн нэгэнтэй явж уулзах боломжгүй тул чи энэ өрх айлаа төлөөлж дахин бэлэг тусламж өг, юугаа ч хайрлаж болохгүй” гэж захижээ. Э.Бадам 1942 онд ханиасаа хагацаж өрх гэрийг толгойлж хүндхэн ачааг үүрэх болжээ.

Бадам нутгийн ёс жаягийг даган том хүү Ламжавыгаа өрхийн тэргүүн болгож, хэдэн хүүхдийнхээ хамт мал сүргээ жил дараалан өсгөсөн амжилтаар 1946 оны 9-р сарын 6-ны өдөр Засгийн газрын 82 дугаар тогтоолоор “Улсын хамгийн сайн малчин” цол, тэмдэг, мөнгөн сүлд, эцэг малын мөнгөн дүрс /хуц/, 12 чий эрээн майхан “Мянган малтан” гэсэн үсэг бүхий гурван мөнгөн бүслүүртэй агар хувингаар шагнуулж байжээ. Тэрбээр мөн БНМАУ-ын Засгийн газрын “Хүндэт жуух бичиг”, Ардын хувьсгалын 30, 40, 50 жилийн ойн медаль, ЗХУ-аас В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойн медаль болон бусад шагналаар энгэрээ мялаасан байна.

Э.Бадамын өөрийнх нь болон хадам талын ах дүү нар нь бүгдээрээ шилдэг тэргүүний малчид байсан ба хадам эцэг Тугтан овогт баян Дүүдэй нь 1931 онд 2216 толгой мал, төрсөн ах Энгэлийн Жамба нь 1950 онд 1172 мал тоолуулсан Улсын сайн малчид байжээ. 1952 онд Наранбулаг сум байгуулагдахад газар нутгийн байршлаар Энгэлийн Бадам тэргүүтэй олон өрх Алдар багт харъяалагдах болжээ.

Фронт Бадам нь 1992 онд 83 насандаа таалал төгссөн байна. БНМАУ-ын Алдарт сайн малчин Бөөрийн Иргэл нь Э.Бадамын төрсөн дүүгээс гарсан зээ нь байна. Э.Бадамын хүү Ламжав 3 охин, 1 хүүтэй. Том охин Чулуун нь 3 хүү, 5 охинтой. Охин Анжил нь 4 хүү, 2 охинтой. Ах Жамба нь 2 хүү, 1 охинтой өнөр олуулаа байсан бөгөөд одоо садан төрлийнх нь тоо 200-д хүрсэн байна.

Д.Мягмар, Э.Бадам нарын гал голомтыг отгон хүү Норовынх нь эхнэр Галсаны Буйдад, ач хүү Норовын Түвшинжаргал, бэр Шавганцын Буяннэмэх нар өвлөн авч явна. 1977 оны 9-р сарын 23-нд Э.Бадамын нэр Аймгийн хүндэт дэвтэрт бичигдсэн 216 дугаартай гэрчилгээ, 1989 оны 7-р сарын 18-нд МЗНН-ийн Увс аймгийн зөвлөл Э.Бадамын тухай нам, засгийн сонин хэвлэлд нийтэлж байсан гэрчилгээ, 1978 оны 8-р дугаар сарын 6-ны өдрийн 100 дугаартай Сангийн яам, Соёлын яамны талархлын хуудас, 1985 оны 5 дугаар сарын 8-нд ЗХУ-аас бэлэглэсэн Ялалтын баярын 40 жилийн ойн тэмдэг, үнэмлэхийн хамт, Улсын хамгийн сайн малчны тэмдэг үнэмлэхийн хамт, мөнгөн сүлд, мөнгөн хуц, агар хуйван болон фото зургууд, бусад зүйлс нь ач хүү Н.Түвшинжаргалын гэр бүлд хадгалагдаж байна.

Э.Бадамын мэндэлсний 100 насны ойг Увс аймаг 2009 онд өргөн дэлгэр тэмдэглэж, дурсгалын хөшөөг Наранбулаг сумын нутагт босгосон юм.

 

Холбоотой мэдээ