Хушаатын иргэд хүлэмжтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 17:18:41

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд сумын ОНХСангийн 44.7 сая төгрөгийн хөрөнгөөр сумын "Хүлэмжийн паркалсан аж ахуй" төсөл амжилттай хэрэгжиж байна.

Тус сумын Засаг даргын санаачилгаар хэрэгжиж буй уг төслийн эхний үе шат 2015-2016 онд хэрэгжсэн бөгөөд хүлэмжийг ашиглалтад хүлээн авах нээлтийн ёслол бямба гарагт Хушаат суманд боллоо. Уг төслийн хүрээнд гүн өрмийн худаг, цахилгаан үүсгүүр, 10 тн усны нөөцийн сав, дуслын усалгааны систем, хагалж боловсруулсан ногооны талбай бүхий 6х20, 8х20 м хэмжээний 10 ш зуны хүлэмж барьж 10 газрыг хашаажуулжээ.

Нэг хүлэмжийг хоёр өрх дундаа ашиглах аж. Ингээд нийт 20 өрх хүлэмжийг ашиглахаар сумын ЗДТГ-ын ХАА-н тасагтай гэрээ байгуулан хүлээж авлаа. Нээлтийн ёслолд сумын ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, ХААТ-ийн дарга, иргэдийн төлөөлөл, гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл, ЗДТГ-ын ажилтангууд оролцлоо.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ