Улаанбурхан өвчний 1109 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 17:44:17

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас улаанбурхан өвчний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Аймгийн хэмжээнд өнгөрөгч сарын 25-ны өдрөөс энэ сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 103 улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөл 1109 болсноос 27 нь лабораториор батлагдсан байна.

Одоогоор БОЭТ-ийн халдвартын тасагт 16 хүүхэд, 13 том хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 хүүхэд, 3 том хүн хүнд хэлбэрийн оноштойгоор эмчлэгдэж байгаа аж. Тус өвчлөл Арвайхээр, Хархорин, Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий зэрэг сумдад голомтлон, бусад бүх сумдад бүртгэгдсэн бөгөөд улаанбурханы өвчлөлд 10-39 насны хүүхэд, залуучууд, вакцин тарих нас болоогүй бага сартай хүүхдүүд илүүтэй өртөж байгаа юм. Өвчлөлд өртсөн нийт иргэдийн 18 хувь нь вакцин тариулсан бол 31 хувь нь вакцинд хамрагдаагүй, 51 хувь нь хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа гэх судалгаа гарчээ.

Цаашид аймгийн ЭМГ-аас МУЗГ-ын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 222 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Өрхийн эрүүл мэндийн төвөөс 1 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндэд хийх үзлэг, хяналтыг 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд батлагдсан хуваарь, эцэг эхийн дуудлагын дагуу гэрээр зохион байгуулах ба 5 дугаар сарын 12-25 ны өдрүүдэд 18-30 насны залуусыг дархлаажуулалтын арга хэмжээнд хамруулна.

Дархлаажуулалтыг 7 хоног бүрийн Бямба гарагт явуулах, “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” нэмэлт дархлаажуулалтыг хийхээр төлөвлөж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

 

 

Холбоотой мэдээ