Дадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-04-23 16:53:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын авто замын сүлжээний гол хэсгүүдийн нэг, Баян-Адарга-Дадал сумыг заагладаг Онон гол дээр барьж буй 150 метр урт төмөр бетон гүүрийн бүтээн байгуулалт 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг бүтээн байгуулалтын ажлын явцтай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцлаа.


Өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар Хэнтий аймагт ажиллах үеэрээ тус гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан юм. Гүйцэтгэгч “Ган гүүр” компанийнхан ирэх сарын 10-нд Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Үүнээс гадна тус компанийнхан Дадал сумын нутагт орших төмөр бетон гүүрийн их засварын ажлыг бас гүйцэтгэж байгаа юм.


Энэхүү гүүр ашиглалтанд орсноор Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн шинэ бүс бий болох төдийгүй Хэнтий аймагт Засгийн газраас хэрэгжүүлэх түүхэн аялал жуулчлалын бүс, томоохон цогцолборууд, түүнийг холбох авто замын хөгжил нэмэгдэх юм. Хамгийн гол нь  ОХУ-ын Чита мужаар дамжиж хилийн цаана байдаг Буриад, Халимаг, Тува зэрэг Монгол туургатнууд Ульханы боомтоор тус аймаг руу чөлөөтэй нэвтрэн Чингис хааны нутгаар аялах боломжтой болно гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм.

Холбоотой мэдээ