Монгол бөхөнгийн тархацын 70-80 хувь нь Говь-Алтай аймагт байдаг

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-24 12:29:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын “Улаан ном”-д бүртгэгдэн, Амьтны аймгийн тухай хуулийн (1995) нэн ховор амьтдын ангилалд орсон монгол бөхөнгийн тархацын  70-80 хувь нь Говь-Алтай аймагт байдаг. 


Дэлхий дээр соргог бөхөн, монгол бөхөн гэж хоёр төрөл байдгаас монгол бөхөн нь зөвхөн манай орны Говь-Алтай, Ховд, Увс аймагт байдаг ч цөм сүрэг нь тус аймгийн Шарга, Дарви, Хөхморьт, Баян-Уул, Тонхил, Төгрөг, Халиун сум мөн Бигэрийн хоолойгоор тархан нутагладаг ажээ.

Монгол бөхөнгийн тоо, нөөц, байршил нутаг сүүлийн 10 жилд мэдэгдэхүйц нэмэгдэж 2014 оны байдлаар тоо толгой нь 14,000-д хүрч, тархац нутаг 13 хувиар нэмэгдсэн. Харамсалтай нь 2016 оны сүүлээр бог малын мялзан өвчний улмаас 53 хувь нь хорогдсон. Энэ оны нэгдүгээр сард хийсэн тооллогоор 5000 гаруй байна хэмээн Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын Ан амьтан хариуцсан мэргэжилтэн Г.Олонбаяр мэдээлэв. 


Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг монгол бөхөнгийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас монгол бөхөнг хамгаалах чиглэлээр цахим мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа ажээ. Харин өмнөх жилүүдэд бөхөн нутагладаг сумдын ЕБС-ийн "Эко" клубын сурагчид болон насанд хүрэгчдэд сургалт мэдээлэл, танин мэдэхүйн олон талын арга хэмжээг зохион байгуулсан байна. Тухайлбал, “Эко” клубын сурагчидтай хамтран булаг шандын эхийг хамгаалах мөн автомат камер суурилуулан хөдөлгөөнийг нь ажиглах, ард иргэдэд холбогдох хууль тогтоомжийг танилцуулах, малчдад малын бэлчээрийг хуваарьтай ашиглах зөвлөмж хүргэх гэх мэт цогц ажлуудыг тогтмол зохион байгуулсаар иржээ. 


Холбоотой мэдээ