Г.БАТТОГТОХ: МОНГОЛ ХЭЛ МӨХӨХ АЮУЛД ОРООГҮЙ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-04-28 19:20:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Албаны зөвлөх, Монгол хэл, уран зохиолын багш, судлаач Г.Баттогтохыг урьж ярилцлаа. Аливаа юмны нэг талыг барьж туйлширдаггүй, тухайн асуудлыг ултай судалж, дүгнэдэг түүний ярилцлага уншигчдад таалагдана гэдэгт итгэлтэй байна. 


-Дэлхий ертөнц даяаршиж байгаатай холбоотойгоор манайд гадаад үг хэллэг маш их орж ирж байна. Тэдгээрийг өөриймшүүлж авах тал дээр мэргэд юу ч хийхгүй байна гэх зэргээр олон нийт шүүмжилдэг. Уг нь эрдэмтэд маань зүгээр суугаагүй, таван боть тайлбар толь хүртэл бүтээсэн биз дээ. Та ер нь харь хэл хүч түрэн орж ирэх энэ асуудал дээр ямар байр суурьтай ханддаг вэ?


-
Урсгал ус тунгалаг байдаг. Харин тогтоол ус бол өмхийрдөг шүү дээ. Яг үүнтэй адил хэл бол үргэлж хөдөлж, хувьсдаг зүй тогтолтой. Бид бүгд “зөвхөн монгол”-оор, эсвэл англи хэлээр ярих ёстой гэсэн хууль байхгүй. Монгол хэлэнд гаднын хэд хэдэн хэл хүчтэй нөлөөлсөн үе, тохиолдол бий. Жишээ нь, Буддын шашин ид дэлгэрэх үед төвд хэл; Нийгэм журам байгуулах гэж “хийрхэж” явах үед орос хэл; чөлөөт нийгмийн энэ цаг үед англи хэл хүчтэй нөлөөлж байгаа нь үнэн. Аливаа зүйл хэмжээ хязгаараасаа давах л аюултай байдаг. Харь хэлний үгийг монгол хэлэнд тодорхой хэмжээнд оруулж болно. Харин харь хэлийг дагаад монгол хүний сэтгэлгээ өөрчлөгдөж эхэлбэл хэцүү дээ. 


-Монгол хэлний дархлааны тухай ойлголт нийгэмд байхгүй байна гэсэн үг үү?


-
Тухайн хэлээр хэлэлцдэг, ярилцдаг хүн үгүй болбол тэр хэл мөхдөг. Гэтэл өнөөдөр зөвхөн монгол хэлээр хоорондоо харилцаж буй гурван сая гаруй хүн Монгол Улсад байна. Дээр нь харьд суугаа иргэд, бүр цаашилбал, монгол үндэстнээ нэмбэл хэдэн арван сая хүн монгол хэлээр ярьж байна. Хэлний нарийн ширийн асуудлыг мэдэхгүй ч эх хэлнийхээ төлөө санаа зовдог хүн олон байгааг харвал дархлаа нь гайгүй ажиллаж байгаа юм шиг байна.

-Албан хэрэг хөтлөх зарчим гэж бий. Манайхан энэ дүрэм журмаа хэр мөрдөж байна вэ. Үүн дээр та юу хэлэх вэ?


-
Бид Монгол хэлний тухай хуулийг дагаж мөрддөг. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэсэн заалт бий. Мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж заасан байдаг. Төрийн албан хаагчид, бичиг цаасны ажил хийдэг хүмүүс монгол хэлний хэм хэмжээ, үсгийн дүрмийг баримталж, хуулиа мөрддөг байхгүй бол эх хэлээ үл тоосон хэрэг болно. Энэ үүргээ биелүүлж яваа нь ч бий, умартсан нь бий. Сайн нь олон, саар нь цөөн.  Бид саарыг нь түлхүү “авч хэлэлцээд” байгаа юм. Нийгмийн сүлжээгээр байсхийгээд л үсгийн дүрмийн алдаатай албан бичгийг шүүн хэлэлцдэг болсон. Энэ нь монголчуудын бичиг үсгийн боловсрол нийтээрээ доройтсоны илрэл биш. Бүх цаг үед буруу зөрүү бичдэг, эх хэлээ сайн эзэмшээгүй, боловсролгүй хүмүүс байсан. Тэр хүмүүс тухайн цагтаа хариуцсан ажлаа хийгээд, нам гүм амьдардаг байсан болов уу. Бас чадахгүй зүйлээ хийдэггүй, мэдэхгүй зүйлээ ярьдаггүй байсан биз. Харин өнөөдөр тэд “ил гарч ирсэн”, “бичдэг” болсон. Ичиж зовохоо ч байсан юм биш үү дээ. Тэгэхээр, бид жамаараа л явж байна. 


-Манай улс хэл, соёлоо хамгаалах талд ямар бодлого барьж барих ёстой вэ. Төрөөс хэл, соёлоо хамгаалах хүрээнд явуулж буй бодлогын талаар ярихгүй юу?  


-
Монголын төр засаг үндэсний хэл соёлдоо ямар нэгэн хэмжээгээр анхаарал хандуулсаар ирсэн. Их үү, бага уу гэдэг нь тусдаа асуудал. Монгол гэдэг үндэстнийг олон хэсэг болгох ажлыг өмнөх нийгэмд эрчимтэй өрнүүлсэн юм. Үүний нөлөөгөөр бид олон ястан, олон нутгийн аялгуу, олон соёлтой монгол болж хувирсан. Эвлэж, нэгдэж чадахаа больсон. Өөрөөр хэлбэл, нэгэн хэл, сэтгэлтэй монгол олон хэл, сэтгэлтэй монгол болсон. Энэ тухай яривал их юм бий дээ. Одоо буцаад “Нэг монгол” болох хэрэгтэй. Үүний тулд, төр хувьслын онолоор хуваасан олон Монголыг нэг монгол гэдгийг нь ойлгуулахын тулд ажиллах шаардлагатай гэж боддог. Аливаа зүйлийг шүүмжлэх амархан боловч гардаж аваад ажил хэрэг болгоход амаргүй байдаг. Хэлний салбарт, хамтран ажиллаж бүтээсэн нэгэн ажлаа жишээ болгож хэлье. Хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид “Монгол хэлний их тайлбар толь” хэмээх цахим ном бүтээсэн. Энэ цахим толь манай үе үеийн эрдэмтэн судлаачдын олон жилийн нөр их хөдөлмөрийн үр шим. Судалгаанд суурилж, үйлчилгээнд чиглэсэн “шинэ” ажил.


-Мэдээж үр дүн нь гарсан болов уу?


-
Тэгэлгүй яах вэ. “Монгол хэлний их тайлбар толь” апликэйшнийг 100 –аас олон мянган хүн утсан дээрээ татчихсан хэрэглэж байна. Үнэндээ уг номыг хэвлээд цаасан хэлбэрээр гаргасан бол 100 мянган хүн худалдаж авах уу гэдэгт асуудал байна. Тиймээс цахим хэлбэрээр гаргаж түгээсэн нь өнөөгийн нийгэмд бол нүдээ олсон шийдэл гэсэн бодолтой байна. Монгол хэлний төлөө хий дэмий санааширч, хямарч байхаар энэ мэт бодит алхам, ажил хийх нь зөв, үр дүнтэй. 


-Бичгийн олон эрдэмтэн монгол бичгийг Төрийн бичиг байх ёстой гэж нэлээд хугацаанд ярьж хэлэх болсон. Энэ талаарх таны бодол?


-
Монголчууд төр солигдож, нийгэм чиг баримжаа өөрчлөгдөж байсан ч монгол бичгээ огтхон ч гэгээгүй. Хоёулаа өнөөдөр монгол бичгийн гайхамшгийн талаар ярилцана гэвэл үнэндээ цаг хүрэхгүй. Олон мянган жилийн шалгуур даван туулсан энэ бичиг өдгөө ч, өнө хожим ч байсаар л байна. Монголчууд байлгахыг ч хүссэн. Энэ нь хамгийн чухал. Магадгүй энэ бичиг бидний үүх түүх, хувь заяатай дэндүү нягт холбоотой учраас тэр байх. Монгол бичгийг бүх нийтээр хэрэглэх нь цаг хугацааны л асуудал болов уу. Энэ тухай надад нэг бодол байна.


-Ямар бодол вэ?


-
Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг шүү дээ. Яг одоо шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь монгол бичиг мэдэхгүй, монгол бичгийн тухай өөр төсөөлөлтэй байдаг. Энэ бичиг хоцрогдож, хуучирсан гэдэг ойлголттой учраас авч хэрэгжүүлдэггүй. Гэтэл 1980 оноос хойш төрсөн залуус монгол бичгийнхээ талаар тэднээс огт өөр ойлголттой байдаг. Тиймээс энэ үеийнхэн шийдвэр гаргах түвшинд очих үед монгол бичгийн тухай өнөөгийнхөөс өөрөөр ярьж эхэлнэ.


-Зөв бичгийн дүрмийн талаар эрдэмтэд их маргадаг. Сүүлдээ зарим нэг эгшгүүдийг ч монгол хэлний үгийн сангаас хасах санал гаргасан. Та ер нь хуучны эрдэмтдийн бүтээлүүдээс хэний дүрмийн толийг одоо хүртэл хүчинтэй, хамгийн үнэн зөв нь гэж хэлэх вэ?


-
Тун хэрэгтэй асуулт байна. Ц.Дамдинсүрэн гуайн боловсруулсан “Монгол үсгийн дүрэм” гэдэг ном бий. 1983 онд 100 мянган хувь хэвлэсэн юм билээ. Бид тэр номын ард хавсаргасан дүрмийг мөрддөг. Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс өнгөрсөн жил энэхүү дүрмийг албан ёсоор мөрдөнө гэсэн шийдвэр хүртэл гарчихсан. Өөр дүрэм байхгүй. Үсгийн дүрэм гэдэг яг л замын хөдөлгөөний дүрэмтэй адилхан. Явган зорчигч ногоон гэрэл асахад, цагаан шугамаар зам хөндлөн гарах ёстой байдаг. Гэтэл улаан гэрлээр гарвал юу болох вэ, үсгийн дүрмийг үл хэрэгсэж байна гэдэг бол улаан гэрлээр гүйж буй хүнтэй адилхан. Их л бүдүүлэг харагддаг юм даа. Тэгэхээр “би ингэж бичдэг, надад ингэж заасан, дүрэм байнга өөрчлөгдөж байна” гэдэг бол дэмий үг. Сүүлд “Журамласан бичгийн толь” хэвлэгдээд энэ асуудал цэгцэрсэн.


-Магадгүй Улаанбаатар хотын томоохон барилга байгууламж, дэлгүүр хоршооны хаяг, нэрс нь ихэвчлэн англиар болсон. Үүнийг шүүмжилж, хэл мөхлөө гэх иргэд бас олон байна л даа?


-
Чин үнэнийг хэлэхэд монгол хэл мөхөх аюулд ороогүй. Хаяг рекламыг гадаадаар бичсэнээр монгол хэл сүйднэ гэсэн ойлголт байхгүй. Монгол нэр өгөхөөс илүү гадаад нэр өгвөл сайхан харагддаг юм шиг санагдаж байгаа нь харь юм бүхнийг шүтэх сэтгэлгээ хүмүүсийн тархинд гүн шингэсэн, өөртөө итгэлгүй байгаатай холбоотой. Хэн хүчтэй, хэн чадалтай байна вэ, тэдний бүх юм сайхан харагддаг. Тийм болохоор хэлбэрдэж байгаа юм. 


-Оюутан сурагчдын үгийн баялаг тааруухан, цөөхөн хэдэн үгэнд л эргэлдэх болсон гэж ярьдаг ч олон нийт бүтээлүүдийг нь шимтэн уншдаг зарим нэг бичгийн хүмүүс өөрсдөө мөхөөгөөд байх шиг санагдах юм. Жишээ нь нийтлэлч Артаньян буюу Д.Түмэн-Өлзий, Гаамп буюу Д.Билгүүн нарыг хүмүүс их уншдаг. Гэвч тэдний бичгийн алдааг шүүмжилдэг хүмүүс цөөхөн. “Болжийшдээ, болоол, байшд” гэх мэтээр бичих нь жинхэнэ мөхөл авчирч буй хэрэг биз дээ?


-
Монгол хэлний дүрмийг Замын хөдөлгөөний дүрэмтэй харьцуулж ярьсан даа. Улаан гэрэл асаж байхад машины урдуур гүйгээд дайруулбал тэр хүн хохирно, бас гэмгүй нэгнийг ч хэрэгт унагаж мэднэ. Цаг үеийн шинжтэй, хэлбэрдэлт нэг их газар авахгүй л дээ.



-Хэл бол нэг ёсондоо энерги гэж ярьдаг. Тиймээс ч бага насны хүүхдүүдэд гадаад хэл заах нь буруу гэж үзэх хүмүүс цөөнгүй байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?


-
Энэ бол маш ул суурьтай бодох ёстой асуудал л даа. Хүн ямар хэлээр амлаж өссөнөөс шалтгаалж тухайн хэл, соёлоор хүмүүжиж өсдөг, сэтгэлгээ нь тогтдог. Ажил, амьдралын эрхээр гадаадад суугаа монголчууд бол хэцүү байна. Яах ч аргагүй хүүхдүүд нь оршин суугаа улсынхаа хэлд ордог, ярьдаг. Харин эцэг эхчүүд нь үнэхээр үр хүүхдүүдээ монгол хүн болгож хүмүүжүүлье гэж боддог бол монгол хэл сургах арга чарга хайх хэрэгтэй. Хэл зөвхөн сэтгэлгээнд төдийгүй, царай төрх, нүүрний бүтцэд нөлөөлдөг гэдэг. Болж өгвөл хүүхдүүдийг эх хэлээ эзэмшиж, сурч боловсорсных нь дараа гадаад хэл сургавал сайн. 


-Та монгол судлалын салбарынхантай их хамтран ажилладаг. Ажлынхаа талаар яривал сонин байна.


-
Би 2012 оноос хойш өнөөг хүртэл Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байна. Энэ хугацаанд хэл, соёл, түүхийн чиглэлийн зарим ажлыг хариуцаж ажилласан. Тиймээс ажлынхаа хүрээнд ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Түүх археологийн хүрээлэн, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхим зэрэг байгууллагын эрдэмтэн, судлаачидтай хамтарч ажилласан. Тэдний судалгааны ажлыг нь дэмжих, үйл ажиллагаа зохион байгуулах зэрэгт оролцож ирсэн. Үр дүнд нь хэд хэдэн бүтээл уншигчдын хүртээл болсон. Саяхан л гэхэд доктор П.Дэлгэржаргалын удирдлагаар “Монголын эртний түүх” гэсэн таван боть ном гарсан. “Эзэнт гүрний түүхийн 5 боть” ном худалдаанд гарсан байгаа. Шинжлэх ухааныг хөгжүүлэхийн төлөө тууштай зүтгэдэг, эх хэл, соёл, түүхээ судлах, өвлөн уламжлуулах, хамгаалах сэтгэлтэй олон сайхан хүнтэй хамтарч ажиллаад, бодит үр дүнд хүрчихсэн байгаадаа баяртай явдаг. 


-Эх хэл, монгол хүн гэдгээрээ огших, түүнийгээ хэтрүүлэн ашиглах явдал газар авсан нь сүүлийн үед их ажиглагддаг. Та ер нь эх оронч үзлийн талаар ямар байр суурьтай байдаг вэ? 


-
Үүн дээр би хоёр зүйл ярья. “Эх оронч хүн” гэвэл өнөөдөр хэнийг хэлэх вэ. Нэгдүгээрт, эх орондоо хайртай, эх орныхоо төлөө зүтгэж яваа хүнийг хэлнэ. Хоёрдугаарт, “дүр эсгэсэн этгээд, шантаажчин, популист”-г хэлдэг болж. Үгийн эрхэм сайхан утга ингэж алдарч байгаа юм. Тэгэхээр хүмүүс “эх оронч” гэж хэлүүлэхээс ичдэг, айдаг болоод байгаа юм биш үү. Үг ийм хүчтэй. Үгээр дамжуулж юуг ч өөрчилж болно. Энэ үгийг үндсэн утгаар нь хэрэглээсэй гэж боддог. Эх орноос үнэтэй зүйл хаана байна вэ, хайгаад үзье гэсэн ч байхгүй. Өөртөө итгэдэг, үндэсний үнэт зүйлээ ухаарсан хүн эх оронч байх нь гарцаагүй. Эх оронч үзэл улам бүр түгэн дэлгэрээсэй.


-Хоёулаа мэргэжлийн талын яриагаа багасгаад, хаврын тухай яриагаар хөөрөлдөөнөө үргэжлүүлбэл ямар вэ. Ном, уран зохиолтой ойр нөхөрлөдөг хүний хувьд хавар болохоор номын сангаа ухаж байгаад ч хамаагүй гаргаж ирээд уншдаг ном Танд бий юу?


-
Би уран зохиол сонирхдог, шимтэн уншдаг хүн. Гэхдээ “бичдэггүй”. Чанартай, сайн ном олж унших юмсан гэж хичээдэг. Номын сангийн маань нэгээхэн хэсгийг уран зохиолын ном эзэлдэг. Заавал хавар, намрын улирал гэхгүйгээр байсхийгээд номын тавиур дээрээс авч уншдаг хэдэн ном бий. Нэр дурдаад хэл гэвэл, Д.Нямсүрэн, Д.Урианхай, Л.Өлзийтөгс нарын шүлгүүдийг дахин дахин уншдаг юм байна.


-Зүггүй ч гэмээр юм уу нэг асуулт байна л даа. Хүмүүс сургуульд ороод анхны ном болох “Цагаан толгойг” намрын улиралд уншиж байсан болов уу гэж санагддаг юм. Харин Та хамгийн анх үзэж байсан номоо, тэрхүү номыг ямар улиралд уншиж байснаа санадаг уу? 


-
Ёстой санахгүй байна. Бодвол Таны хэлдгээр “Цагаан толгой” л байх даа. Бичиг номын хүмүүс багадаа голдуу л мундаг, онц сурлагатан байсан гэж ярьдаг юм билээ. Би бол “бага ангидаа” онцгойрсон сайн сурагч байгаагүй. Сонирхуулж хэлэх юм бол, хүмүүс дунд сургуульд байснаа дурсаж “Би үсэглэлийн баяраар ийм тийм үсэг болсон” гэх зэргээр ярьдаг, тухайн үед “үсэг бол”-оод уншсан шүлгээ ч мартаагүй байдаг. Миний хувьд 1993 онд сургуульд орсон. Тухайн үед манай сургуулийн нэгдүгээр анги хоёр бүлэгтэй байсан юм. Ангийн хүүхдүүд хэд билээ, цагаан толгойн үсгийн тоо хэд билээ, хоёр хүн нэг үсэг оноож өгдөг зүйл байхгүй шүү дээ. Тэгээд л би “үсэг болж чадаагүй”. Нэг цагаан цамцархуу юм өмсөөд л зогсож байсан санагдана. Манайх хөдөө байсан болохоор айлд суудаг байлаа. Гэрээ санаж бэтгэрдэг л байсан болов уу. Үсгээс илүү гэрээ боддог байсан. Одоо эргээд бодоод байхад, энэ явдал надад их хүчтэй нөлөөлсөн. Анх удаа тийм том баярт оролцоод, хүүхэд бүр үсэг болчихсон явж байхад би үсэг болоогүй. Би үсэг болохыг хүссэн. Тэгээд л монгол хэл, бичгийн хичээлдээ шамдаж суралцсан даа. Үр дүнд нь үсэг заадаг багш, хэл бичиг судалдаг хүн болжээ. Би хүссэн зорьсондоо хүрэхээр одоо ч тэмүүлж явна. “Цагаан толгой” танд баярлалаа. (инээв)



-Та бага насаа хаана өнгөрөөсөн бэ?


-
Би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрж, өссөн. 1980-аад оны сүүлээс 2000-аад оны эхээр сумын төвийн хүүхдүүд ямар орчинд өсөж өндийсэн бэ? Тэр л замд бага нас минь өнгөрсөн. Төгөлдөр орчлонгийн диваажин төрсөн гэр, өссөн газар минь юм даа.


-Та “Үсэглэлийн баяр”-аас хойш судлаач болохоор шийдсэн юмаа даа, эсвэл ямар нэгэн эргүүлж өөрчилж болохгүй шалтгаан байсан болоод энэ зам уруу алхаж орсон уу?


-
Надад эргэлзээд байх өөр олон сонголт байгаагүй. Дунд сургуульд байхаас монгол хэлний багш болъё гэсэн зорилготой л байсан. Надад өнөөдөр инженер эсвэл эдийн засагч болдог байж гэж харамсах зүйл огт байдаггүй. Хүн өөрийн дуртай, хүсдэг зүйлээ хийх сайхан. Хүссэн ажлаа хийдэг хүн хүчирхэг байдаг. Хүсэл мөрөөдлөөрөө амьдрах сайхан.


-Танай аав байгаль хамгаалагч. Багадаа аавыгаа дагаж, байгальтай их ойрхон өссөн үү?


-
Тийм ээ. Байгаль хамгаалагчийн хүү байгаль дунд л өснө шүү дээ. Аавтай хамт эргүүл тойруулд их явсаан. Хэрвээ би мэргэжлээ солихоор болбол төрсөн нутагтаа очиж байгаль хамгаалагч болно гэж боддог. Өөр ямар нэг сонголт байхгүй. Эргэлзээгүй энэ мэргэжлийг сонгоно. Цаашдаа бол байгаль хамгаалах тал дээр олон ажил санаачилж, хийх  юмсан гэж бодож явдаг 


-Та ер нь шуудхан шийдвэр гаргачихдаг хүн юм аа даа?


-
Хүн зөв замаа олсон л бол эргэлздэггүй байх хэрэгтэй гэж боддог. Дараа нь гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун, хийж буй ажилдаа дуртай явдаг. Өөрийн сонгосон мэргэжил, бүтээж яваа ертөнцдөө сэтгэл дүүрэн алхаж явах шиг сайхан зүйл үгүй. Тиймээс би зоримог, шийдмэг байхыг чухалчилдаг.


-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ. Залуу хүний хувьд тийм зүйл хийнэ дээ гэж бодож, шатаж явдаг зүйл чинь юу вэ? 


-Би үргэлж шатаж явдаг. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинтөгс, Д.Боролзой, Ж.Ганбаатар нартай хамтарч “Монгол бичиг номын өв” гэдэг номыг бичиж олон нийтэд хүргэсэн. Энэ ажлыг С.Эрдэнэболд ах маань дэмжсэн юм. Бид энэ багаараа “Монгол хэлний брайль үсгийн толь” хийхээр ажиллаж байгаа. Манайд өнөөдөр ном унших хүсэлтэй, харааны бэрхшээлтэй хүмүүс багагүй байдаг. Тэдэнд зориулсан үйл хэрэг л дээ. Энэ ажил маань нэлээн цаг хугацаа, хөдөлмөр шаардаж байна. Бас монгол аман зохиолын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалах ажил бий. Одоохондоо өөрийнхөө урд байгаа ажлыг дуусгах гээд эрдмийн ажлаа түр хойшлуулчихсан. Мөн монгол хэлний өгүүлбэр, эхийн утга судлалын чиглэлээр судалгаа хийж эхэлсэн. Энэ гурван зүйл дээр анхаарч ажиллаж байна, цаашдаа ч хийх олон ажил байна даа. Хэл шинжлэл, аман зохиол судлалаар хоёр сайн ном, арван сайн өгүүлэл бичиж чадвал тэгээд л болно. Энэ бол миний зорилго.


-Тэр үед би асуултуудаа бэлдчихсэн байна. Олон сайхан мэдээ хүмүүст дуулгахаар дахин хөөрөлдөх үү?


-Тэгье. Танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ