Булган суманд гарсан ой хээрийн түймэр 2300 орчим га газрыг хамраад байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-05-04 10:32:14

Архангай /МОНЦАМЭ/. Нийт нутгаар хуурайшилт ихтэй энэ цаг үед Архангай аймгийн Булган суманд томоохон хэмжээний ой хээрийн түймэр гараад байна. Уг түймэр Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Суварга хайрхан уулын хойд салбар уулсад гарч байгаа бөгөөд одоогийн байдлаар түймэр 2300 орчим га газрыг хамраад байна. Ой хээрийн түймрийг унтраахаар Архангай, Өвөрхангай, Булган аймгийн онцгой байдлын алба хаагчид, Үндэсний аврах багийн тусгай алба хаагчид болон нутгийн иргэдийн оролцоотойгоор 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

Нийт давхардсан тоогоор 400 орчим хүн гар бие оролцон ажиллажээ. Тус аймагт гарсан ой хээрийн түймэр дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн гарсан бөгөөд тавдугаар 2-нд цурманд оруулж чадсан байна. Хэдийгээр онцгой байдлын алба хаагчид иргэд нийтдээ 30 гаруй гал унтраах автомашин техник хэрэгсэлтэйгээр ажилласан ч нөхцөл байдал хүнд байгаа юм. Аймгийн онцгой байдал болон орон нутгийн иргэд хүчээ нэгтгэн ажилласаар байгаа энэ хүнд нөхцөлд Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар нөхцөл байдалтай танилцан газар дээр нь ажиллаж, шаардлагатай байсан 25 сая төгрөгийн санхүүжилтийг аймаг орон нутгийн удирдлагуудтай зөвлөлдөж, төсвөөс яаралтай санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Уг асуудлыг шийдвэрлэснээр хээрийн нөхцөлд ажиллах орон байр, багаж хэрэгсэл төдийгүй хоол хүнсээр хангагдаж байгаа юм.

Нутгийн иргэд Суварга хайрхан уулсын хойд салбар ууланд гарсан ой хээрийн түймэрт өөрсдийн хувийн унаа техник, машин мотоциклийг эвдрэхийг үл хайхран сайн дураараа үйлчилж, хөрөнгө мөнгөө заран хоёргүй сэтгэлээр ажиллаж байна. Аймгийн удирдлагуудын зүгээс цаг алдалгүй бүхий л боломж бололцоог бүрдүүлэн шаардлагатай арга хэмжээг авч байна.

Түймрийн шалтгааныг тогтоохоор аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Мөн Архангай аймгийн Булган сумын төвд насанд хүрсэн нэг ч эрэгтэй хүн үлдээгүй бөгөөд тэд бүгд түймэр унтраах үйл ажиллагаанд сайн дураараа маш идэвхтэй оролцон ажиллаж байгаа бол цахим орчинд Архангай аймгийн Булган сумын эхчүүд, эмэгтэйчүд “Ээжүүдийн групп”-ийг шинээр байгуулж түймэр унтраахаар явсан эрчүүддээ цэцэрлэгийн багш нар, эмнэлгийн ажилтнууд хүчээ нэгтгэн хоол хүнс, хувцас хэрэглэл, бээлий зэргийг бэлтгэн хээрийн штабт өөрсдийн идэвх санаачилга, итгэл сэтгэлээр гар нийлэн хамтран ажиллаж, нутаг усаа гал түймрийн аюулаас хамгаалан зүтгэж буйд нутгийн удирлагууд талархан бахархаж байлаа.

Хүнд үед ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчдын үйл ажиллагааны санхүүжилтийг Улсын онцгой комисс, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшинд хүргүүлж, шийдвэрлүүлэхээр боллоо. Эх нутгаа ой, хээрийн түймрээс хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй нутгийн иргэд, түймэрт ажиллаж эвдэрсэн хувийн машин, мотоциклоо засварлахад дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын гурван гишүүнээс хүссэн бөгөөд энэ асуудлыг холбогдох байгууллагад уламжилж өгнө гэдгээ Архангай аймгаас сонгогдон ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар илэрхийллээ.

Холбоотой мэдээ