Нэг удаагийн амны хаалтыг олон удаа зүүх тохиолдол их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-05-05 10:05:12

Дорноговь /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Дорноговь аймагт “Масктай Дорноговь” аян өрнөж байна.

Урин дулааны цаг ирж буй энэ үед бага насны хүүхдүүд олноор тоглоомын талбайд өнжих, нярай хүүхдээ салхилуулж буй эцэг эхчүүд, ахмадууд, хүүхдүүд нарлаж суухдаа амны хаалтгүй байх тохиолдол их байгаа тул халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж  амны хаалтаа тогтмол зүүхийг аймгийн МХГ-аас анхааруулав.

Мөн нэг удаагийн амны хаалтыг олон удаа зүүх, хиртсэн амны хаалттай удаан явах тохиолдол их байгаа аж. Тиймээс иргэд ариутгал халдваргүйтгэлийг сахиж гараа тогтмол угаах, амны хаалтаа сольж хэвших, дархлаагаа дэмжиж, ажил амралтаа зохицуулж байхыг мэргэжлийн байгууллага анхааруулсан юм.

Аймгийн Онцгой комисс онцгой нөхцөлд хэрэглэх зорилгоор 20 мянган амны хаалтыг нөөцөлжээ. Амны хаалт зүүгээгүй иргэдийг “Зөрчлийн тухай хуулийн 5.13.1-д заасны дагуу 150 000 төгрөгөөр торгох заалттай аж.

Холбоотой мэдээ